Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэрийг барьж зарим худалдааны төв, эмийн сангуудаар бараа, бэлэн мөнгө нэхсэн асуудал гарч байгаа тул сэрэмжтэй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байцаагчийн ямар нэгэн бичиг баримт, хувцасгүй этгээд зарим хувцасны лангуунаас “барааны чинь үнэ хэтэрхий өндөр байна, оёдол нугалаан дээр нь асуудалтай” гэх зэргээр хурааж авах, мөнгө нэхсэн тохиолдол гарсан талаар МХЕГ-т гомдол ирүүлжээ.

Харин тус байгууллагад аливаа үнэ, төлбөр хөлс зэрэг асуудал хамаардаггүй ба хяналт шалгалтыг удирдамж, хяналттай явуулж, улсын байцаагчийн үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй гэдгийг албаныхан мэдэгдлээ.

Иймд Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьсан, хяналт шалгалт явуулах гэсэн, эд зүйл болон бэлэн мөнгө нэхсэн аливаа үйлдлийг баримтжуулан хуулийн байгууллагад хандахыг иргэд, ААН-д анхаарууллаа.

Мөн иргэд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлаар 1800-1286, 7012-8012 дугаарын утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой байна.