Бид тоймлоё, Та унш


2019.04.18 Пүрэв                                                           16°C   2,633.38  Эд мал арвидна

Чухлыг тоймлоё


Төв цэвэрлэх байгууламжид осол гарлаа  

Төв цэвэрлэх байгууламжийн лаг шахах, сорох хоолойд 4/16-нд осол гарч, 32-42 насны 4 хүн нас барж, 5 хүн гүн хордлогод орж, эмнэлэгт хэвтлээ.

Осол юунаас болж гарав?

Эцсийн дүгнэлт гараагүй. Гэхдээ лаг шахах, сорох хоолойн насосыг нээх үед түүнд хуримтлагдсан хорт хийд хордон амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Тус хоолойг 12 цаг тутамд цэвэрлэдэг ба ажилтнууд хамгаалах хувцастай байсан эсэх нь тодорхойгүй байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байсан уу?

Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтмол шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд даруй арга хэмжээ авах үүрэгтэй байдаг. Хэрэв тэд ажилдаа хариуцлагатай хандсан бол хөдөлмөрлөж явсан 4 залуу амиа алдаж, олон хүүхэд өнчрөхгүй байсан. Гэвч ослын шалтгааны эцсийн дүгнэлтийг урьдчилан сэргийлэх учиртай МХЕГ гаргана. Нэг үгээр хэлбэл тэд өөрөө өөрсдийгөө дүгнэх юм.


Монголын диплом ОУ-д хүчинтэй болно

Манай улс Ази Номхон далайн орнуудын дээд боловсролын эрдмийн зэргийг харилцан зөвшөөрөх конвенцод нэгдлээ. Ингэснээр 5/1-ээс их, дээд сургуулийн диплом Япон, Австрали, Солонгос, Шинэ Зеланд зэрэг улсад хүлээн зөвшөөрөгдөх юм. Гэхдээ магадлан итгэмжлэгдээгүй сургуулиуд үүнд хамаарахгүй ба улсын хэмжээнд 97 сургууль байгаагийн 14 нь магадлан итгэмжлэгдээгүй байна.


ЖДҮ-г хөгжүүлэх сан нэрээ өөрчлөв үү?

ЗГ-аас ЖДҮ-г 2022 он хүртэл үе шаттайгаар дэмжих үндэсний хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр тус салбарын үйлдвэрлэл 21%, экспорт 5.3%-д хүрч, шинээр 30 мянган ажлын байр бий болох гэнэ. Тус хөтөлбөр хэчнээн ₮-ийн санхүүжилттэй нь одоогоор тодорхойгүй байгаа ба улсын төсөв, зээл, хандив тусламжаар хэрэгжүүлэх юм. Манай улсад 2017 оны байдлаар 60 мянга гаруй ЖДҮ эрхлэгч байна.


Венесуэл анх удаа хүмүүнлэгийн тусламж авлаа

Ерөнхийлөгч Мадурогийн зөвшөөрлийн дагуу Улаан загалмайн нийгэмлэгийн 24 тн эм, ус цэвэрлэх бодис, хуванцар сав болон 38 эмнэлэгт зориулсан 14 цахилгаан үүсгэврийг Венесуэлийн хилээр орууллаа. Сөрөг хүчний удирдагч Гуайдо 2 сард Америкийн илгээсэн тусламжийг Колумбын хилээр оруулахыг оролдсон ч Мадуро хүчтэй эсэргүүцсэн юм. Тус улсад эм, тариа, тоног төхөөрөмж, цахилгааны хомсдолын улмаас эмнэлгийн үйл ажиллагаа доголдоод байна. Мөн нярайн эндэгдэл, халдварт өвчин, хоол тэжээлийн дутагдал өндөр түвшинд хүрчээ.


Парисын дарь эхийн сүмийг 5 сарын дотор засна

Францын ерөнхийлөгч Макрон галд сүйдсэн сүмийг ОУ, иргэдийн тусламжтайгаар 5 сарын дотор засна гэж мэдэгдлээ. Гэвч судлаачид уг ажилд 10 жил шаардлагатай гэж үзэж байна. Түймрийн улмаас сүмийн орой бүхэлдээ шатаж дээврийн ихэнх хэсэг сүйдсэн юм. Азаар сүм доторх түүхэн эдлэлийн 80%-г аюулгүй газар шилжүүлсэн ба гал санамсаргүй гарсан гэж шинжээчид үзжээ. Өчигдрийн байдлаар сүмийн сэргээн босголтод зориулсан 600 сая еврогийн хандив цуглараад байна.

Таны сонорт


Image result for lamp icon Урсгал засвартай холбоотойгоор өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр