Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор онгоцоо зарж хууль бус дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Мексикийн засгийн газар хууль бусаар хил давж буй Төв Америкийн дүрвэгчдийг зогсоовол Америк тус улсын импортын татварыг таван хувиар нэмэхээ болих хэлэлцээр хийсэн юм.

Ийнхүү Мексик дүрвэгчдэд тавих хяналтаа дээшлүүлж Америктай залгаа хил рүү 6000 цэрэг илгээсэн байна.

Обрадор өнгөрсөн онд ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа албаны онгоцоо зарж ядуу иргэдэд туслах ба иргэний онгоцоор айлчлал хийнэ гэж амлажээ.

Мексикийн ерөнхийлөгчийн Боинг 787 Dreamliner загварын онгоц нь 150 сая долларын үнэтэй зарагдах бөгөөд одоогоор Калифорни мужийн агуулахад байгаа юм. Үүнээс гадна Засгийн газрын мэдлийн 60 онгоц, 70 нисдэг тэргийг зарах гэнэ.

Сүүлийн жилүүдэд Америк дахь дүрвэгчдийн тоо өндөр түвшинд хүрсэн ба хилийн хамгаалалтын төвд асран хамгаалагчгүй 1400 гаруй дүрвэгч хүүхэд байгаа юм.

Нийгмийн сүлжээнд Мексикийн зарим иргэд татвар төлөгчдийн мөнгөөр авсан ерөнхийлөгчийн онгоцыг дүрвэгчдэд зарцуулах гэж байгааг эсэргүүцсэн байна. Мөн зарим нь онгоц өнгөрсөн зургаан сарын турш зарагдаагүй учир татварын хэлэлцээрийн хугацаа дуусах хүртэлх 45 хоногт зарагдана гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: BBC, The guardian