Тэрбумтан бизнесмэн Майкл Блүүмберг 2020 сонгуулиар Цагаан ордонд орж чадвал компаниа зарна гэж мэдэгдлээ. 

Хэвлэл мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Блүүмберг компани нь Форбесын үнэлгээгээр 50 тэрбум доллар хүрдэг ба жил бүр 10 тэрбум долларын орлого олдог байна. 

Үүсгэн байгуулагч Блүүмберг компанийн 88 хувийг эзэмшдэг бөгөөд ойролцоогоор 64 тэрбум долларын хөрөнгөтэй юм. 

Блүүмберг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол компаний ирээдүй яах талаар компанийн ажилтнууд сонирхож байжээ. 

Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Би өмнө нь компанийнхаа мэдлийг өгөөд эзэмшилдээ үлдээнэ гэж бодож байсан ч одоо зарсан нь дээр гэж шийдэж байна. Бид бүгд хэзээ нэгэн цагт нас барна. Ийм учир эртхэн хөрөнгөөсөө салсан нь дээр” гэжээ.

Эх сурвалж: Fox News, Bloomberg