Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн Төлөөлөгчдийн ордны хяналтын хороонд мэдүүлэг өглөө. Тэрээр “2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамп Орос дахь бизнесээ нууснаас гадна Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны и-мэйлийг хакердах талаар мэдэж байсан” гэлээ. Мөн Трампыг арьс өнгөөр ялгаварлагч, луйварчин гэсэн байна.

Харин Трамп үүний хариуд Коэнийг ялаа хөнгөлөхийн тулд худал ярьж байна хэмээн твиттертээ жиргэжээ.

Коэн сонгуулийн хууль зөрчин Трамптай нэр холбогдсон эмэгтэйд мөнгө өгсөн, татвараас зайлсхийсэн, Конгресст худал мэдүүлэг өгсөн хэргээр ирэх тавдугаар сард гурван жилийн хорих ял авах юм.

Трампын Орос дахь бизнес

Коэн хэлэхдээ, “Трамп олон нийтэд Оростой бизнесийн холбоогүй гэж мэдэгдсэн ч би түүнийг төлөөлөн Москвад баригдах Трамп цамхагийн талаар Оросын төлөөлөгчидтэй уулзаж байсан. Тэр намайг Конгресст худал хэлэхийг хүссэн” гэв.

Коэн 2017 онд Конгресс мэдүүлэг өгөхдөө, Трамп цамхагийн төсөл 2016 оны нэгдүгээр сард зогссон гэж хэлсэн юм. Гэвч тэрээр хожим нь уг төслийн хэлэлцээр сонгуулийн үеэр ч үргэлжилж байсан гэсэн ба түүний мэдүүлгийг Трампын өмгөөлөгчид хянасан учир худал хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

Харин Трампын консул Жэй Секулов “Коэний мэдүүлгийг Трампын өмгөөлөгчид хянасан гэдэг худлаа” гэв.

Хиллари Хлинтоныг хакердсан нь

Трампын улс төрийн зөвлөх Рожер Стоун 2016 долдугаар сард нууц баримтыг дэлгэдэг Викилеакс олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч Жулиан Ассанжетай ярилсан талаар Трамп руу утасдаж хэлсэн гэнэ. Ингэхдээ тус байгууллага Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтоны талаар нууц и-мэйлүүдийг дэлгэнэ гэжээ. Америкийн тагнуулын байгууллагууд уг и-мэйлүүдийг Оросын тал хакердсан гэж үздэг бөгөөд Трамп сонгуулийн үеэр уг асуудлын талаар мэдээгүй гэж хэлсэн юм.

Оросууд сонгууль будилаантуулсан

Коэны хэлснээр 2016 оны долдугаар сард Трампын кампанит ажлын баг болон Оросын өмгөөлөгчид Манхеттан дахь Трамп цамхагт уулзаж сонгуулийг будлиантуулах талаар ярилцсаныг Трамп мэдэж байсан гэнэ. Энэ талаар Трампын хүү Доналд Жуниор аавдаа хэлсэн гэдийг Коэн гэрчилсэн байна.

Трампын арьс өнгөөр ялгаварлах үзэл

Коэн хэлэхдээ, “Трамп нэг удаа надаас хар арьстай, хөгийн биш удирдагчийг нэрлэхийг хүссэн. Энэ үед Барак Обама ерөнхийлөгч байсан. Мөн бид Чикагогийн ядуусын хорооллоор явж байхад Трамп зөвхөн хар арьстнууд л ингэж амьдардаг гэсэн. Бас хар арьстнууд хэтэрхий тэнэг учраас хэзээ ч өөрт нь санал өгөхгүй гэж хэлсэн” гэв.

Порно одод өгсөн мөнгө

Коэн Трамптай нэр холбогдсон порно од Сторми Дэниелсийг дуугүй байлгахын тулд 130 мянган доллар өгсөн баримтын хуулбарыг мэдүүлгийн үеэр үзүүлсэн юм. Энэ талаар Коэн, “Тэргүүн хатагтай их эелдэг сайн хүн. Түүнд худал хэлсэндээ одоо ч харамсаж явдаг” гэв.

Эх сурвалж: BBC, NHK