Хуучнаар Зөвлөлт холбоот улс болон Беларусийн алдарт бөх олимпын гурван удаагийн аварга Александр Медведийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Оросын Минск хотод болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс манай эмэгтэй тамирчид алт, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ. Тодруулбал, 59 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор алт, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг хүрэл медаль хүртсэн байна.

Б.Шоовдор алт хүртсэнээр Александр Медведийн нэрэмжит олон улсын тэмцээнд түрүүлсэн манай улсын анхны эмэгтэй тамирчин боллоо. Уг тэмцээнд хамгийн сүүлд 18 жилийн өмнө эрэгтэйчүүдээс ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн аварга, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар аваргалж байжээ.

Б.Шоовдор финалын шигшээд Европын аварга, Беларусийн Анастасья Хучокыг 6:0, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Оросын Юлья Албороваг 6:3, аваргын төлөө Азербайжаны Татьяна Омельченког 4:0-ээр ялснаар аваргын тавцанд зогссон байна.

Харин Э.Даваачимэг  хагас шигшээд Европын аварга Оросын Мария Гуроватай хүч тэнцүү барилдаж 6:7-гоор ялагдсан ч дагах барилдаан хийж, хүрэл медалийн төлөө эзэн орны Анастасья Ямененкаг оноогоор цэвэр ялсан байна.

Тус тэмцээнд манай улсаас таван эмэгтэй тамирчин хүч үзсэн юм. Мөн энэ сарын 17-23-нд Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Словакийн Трнава хотод болж байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин багш дасгалжуулагчийн хамт оролцож байгаа юм.

Зураг: Биеийн тамир, Спортын газар