Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019 олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-19-нд Мишээл Экспод зохиогдохоор боллоо. Энэхүү үзэсгэлэн худалдаа 22 дахь жилдээ зохиож байгаа ба бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулах юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, нийслэлийн таван дүүргийн Жижиг дунд үйлдвэрийн газраас гадна Оросын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува улсаас 30 гаруй ААН, Солонгосын 11 компани, Непал, Хонконг зэрэг нийт 150 гаруй байгууллага оролцоно.

Үзэсгэлэнгийн үеэр Оросын Бизнес Контакт ХХК-ийн Ворота в Азию-2019 олон улсын үзэсгэлэнгийн 30 дахь удаагийн нээлтийг хамтатган зохиох юм. Мөн Оросын Краснодар, Ростов хотуудаас ирсэн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болох гэнэ.

Улсын хэмжээнд бүртгэлтэй 140 мянган ААН байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100 байгаа юм. Эдгээрийн 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид бөгөөд 84 хувь нь 10 хүртэлх тооны ажилтантай байна.