Телевизийн нэвтрүүлэгч, Мацагтан Монгол бүлгэмийн админ, Mongolian Beauty Association ТББ-ын тэргүүн, 60 орны гоо бүсгүй оролцсон Face of Beauty International тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулсан гэдгээр нь уншигч та Ж.Анхбаярыг хэдийнээ таних байх.

“Залуу хүн ийм л байдаг даа” гэх хөгшчүүлийн яриаг сонсоход яагаад ч юм Ж.Анхбаяр найзын дундаршгүй хүсэл зориг нүдэнд харагддаг юм. Тэрээр энэ удаад дэлхий даяар 1.5 тэрбум үзэгчтэй “Miss Universe” тэмцээнд Монгол бүсгүй оролцох эрхийг анх удаа авсан баяртай мэдээг дуулгахаар уншигч тантай уулзаж байна.  

“Miss Universe”-ийн эрхийг авсанд нь баяр хүргэе. Хэдий хугацааг зарцуулан, хэрхэн энэ эрхийг авсан тухайгаа хуваалцахгүй юу?

Маш их баярлалаа. “Өдрийн Тойм” сайтаар дамжуулан энэ тухай мэдээг анх удаа дуулгаж байгаадаа таатай байна. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, нэр алдартай контентуудын нэг учраас Монголын бүх л загварын агентлагууд, хувь хүмүүс энэ тэмцээний эрхийг авах гэж санал хүсэлтээ илгээж байсан юм билээ. Би анх 5 жилийн өмнөөс “Miss Universe”-тэй холбогдож, Монголоос оролцогч илгээе гэдэг санал тавьж байсан. Тухайн үед финалын үйл ажиллагаа хоёрхон цагийн турш үргэлжилдэг учир 80-с дээш орныг багтаах боломжгүй гэдэг хариу өгч байсан. Харин өнгөрсөн жил намайг Монгол улс дахь лиценз эзэмшигчээр сонирхож байна гэх и-мэйл ирж, түүнээс хойш олон сарын турш гэрээний ажил хийгдсэний дүнд 11 дүгээр сард болох дэлхийн тэмцээний тайзан дээр Монгол охиноо харах боломж нээгдээд байна.

Тоогоо алдсан олон миссийн тэмцээнүүдээс иргэд залхах тийшээ хандаж, учрыг нь ч ойлгохоо больж байх шиг. “Miss Universe” тэмцээний онцлогийг тодорхойлбол?

67-н жилийн түүхэнд Монгол улс нэг ч удаа оролцож байгаагүй болохоор энэ тэмцээний тухай сайн мэдэхгүй байгаа нь тодорхой. Хүмүүс “Miss Universe”-ийг одоогийн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп зохион байгуулдаг гэдгээр нь мэддэг. Тийм ч учраас төгсгөлийн ёслолын ажиллагаа нь “Victoria’s Secret”-ийн шоутай дүйцэхүйц хэмжээнд болдог юм билээ. Өмнөх жилүүдэд алдарт дуучин Lady gaga, Florida, Boyz II Men, Seal зэрэг супер одууд оролцож байснаас гадна шүүгчдийн бүрэлдэхүүнд Aerosmith хамтлагийн Steven Tyler, Филипп Киркоров суусан гэх мэт олон жишээг дурьдаж болно.

2015 оноос IMG агентлагийн эзэмшил болж, тухайн жилдээ алдарт хөтлөгч Стив Харвэй ялагчийн нэрийг буруу зарлаж шуугиан дэгдээж байлаа. IMG бол кино урлаг, загвар, техник технологи гээд бүхий л салбарт нэр нөлөөтэй учраас оролцогч охидод дэлхийн шоу бизнесийн салбарын үүд хаалга нээлттэй болдог гэдгээрээ онцлог юм. Нилээд хэдэн орны миссүүд Гиги Хадид, Tайра Бэнкс нарын харьяалагддаг IMG Models агентлагтай гэрээ байгуулсан байна лээ. Бас “Wonder Woman” киноны гол дүр Гал Гадот 2004 онд Израйл улсыг төлөөлж энэ тэмцээнд орж байсан.

Шагналын сан нь өндөр гэдгээр нь би мэдэх юм байна?

Тиймээ, хамгийн өндөр шагналын сантай гэдгээрээ алдартай. Ялагч нь “Miss Universe” байгууллагатай нэг жилийн гэрээ байгуулж, Холливудын бүхий л томоохон үйл ажиллагаа, хүлээн авалтуудад урилгаар оролцож, хамгийн олон үзэгчтэй телевизийн шоунуудад зочноор оролцдог.  Мөн 200 мянган долларын мөнгөний шагнал бэлнээр авахаас гадна Нью Йорк хотын төвд тансаг зэрэглэлийн апартментэд нэг жилийн хугацаанд амьдрах эрх, 300 мянган доллар бүхий хувцас, гоо сайхан, фитнессийн хэрэглээ дагалдана. Мөн Нью Йоркийн кино академид нэг жилийн хугацаанд суралцах эрхийн эзэн болж, тэргүүндээ 300 мянган долларын өртөг бүхий титмийг гялалзуулзах юм.

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Ялагч нь дэлхийн од болдог энэ тэмцээнд Монгол бүсгүй анх удаа оролцох нь. Монгол миссээ хэрхэн яаж сонгох вэ?

Тэмцээний эрхийг авахдаа Монголд ийм зохион байгуулалттай тэмцээн хийнэ гэдэг урьдчилсан төлөвлөгөө явуулсан. Тав эсвэл зургаадугаар сард “Miss Universe” тэмцээнд оролцох анхны Монгол охин шалгарах бөгөөд 21 аймгийн төлөөлөл гоо бүсгүйчүүдийг хамруулж, өргөн хэмжээнд зохион байгуулах бодолтой байна. Дээхэн үед “тэр нутгийн бүсгүйчүүд хөөрхөн” гээд л ярьдаг байсан шүү дээ. Тэр хуучны яриаг бодит болгож, гоо сайхан, эрдэм мэдлэгээрээ өрсөлдөн, бие биенээ дэмжих томоохон давалгаа үүсгэе хэмээн зорьж байна.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ тэмцээнд 2015 онд Словени улсаас хөгжлийн бэрхшээлтэй охин оролцож, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Бас трансжендер охидуудыг ч хүлээн зөвшөөрдөг хамгийн ардчилсан шалгууртай тэмцээн. Тэрбум 500 сая үзэгчдийн өмнө алхаж, гоо үзэсгэлэнгээ гайхуулахыг хүссэн 18-28 насны хэн бүхний өмнө “Miss Universe Mongolia” тэмцээний үүд хаалга нээлттэй шүү.  

Зарим хүмүүсийн сөрөг хандлагыг яалтай ч билээ. Шалгарсан охиныг шүүмжилдэг, хэлэх хэлэхгүй үгээр хэлэх зэргээс яаж сэргийлэх вэ?

Гоо бүсгүйн тэмцээнд Монгол төрхтэй охин явахгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ бол дэлхийн тайз. Өө, энэ жил Монгол төрх нь гоё байна, дараа жил нь Мьянмар төрх нь аятайхан юм уу гээд шалгаруулчихгүй шүү дээ. Гэхдээ Монгол эмэгтэйчүүдийн царай төрхний онцлог, давуу байдлыг харгалзаж үндэсний оролцогчоо сонгохыг хичээнэ. Жил жилийн түрүүлсэн миссүүдийг харж байхад зөвхөн гоё сайхан харагдахдаа бус тайзыг эзэгнэхүйц хэмжээнд өөрийгөө илэрхийлж, олны анхаарлыг татаж буй бүсгүй л үргэлж сайн оноо авч, финалд шалгарсан байдаг. Бүр эрлийз охидууд ч энэ тэмцээнд амжилттай оролцдог байх жишээний.

Охид бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй хэрнээ Англи хэлний мэдлэг тааруугаас болж нөгөө л шүүмжлэлийн бай болж хоцордог шүү дээ. Тавигдах шаардлагуудыг тодруулж болох уу?

2013, 2014 онд түрүүлсэн гоо бүсгүйчүүд асуулт хариултын хэсэгт орчуулагчтай оролцож байсан. Мэдээж хэлний мэдлэг сайтай байна гэдэг өөрийгөө илэрхийлэхэд, өндөр амжилт гаргахад нөлөөлнө. Зургаадугаар сар гэхэд оролцогч маань тодорчих учир хэлний мэдлэгээс эхлээд хувь хүний хөгжилд хүртэл анхаарал хандуулж, дэлхийн финал хүртэл бэлдэнэ дээ.

“Miss Universe”-ийн Монгол дахь лицензийг эзэмших эрх үнэгүй олдоогүй байх. Хэдий хэмжээний хураамж төлж байна?

Дэлхийн хамгийн өндөр хураамжтай миссийн тэмцээн нь “Miss Universe” юм байна лээ. Улс орнууд 150 мянга хүртэлх хэмжээний доллар төлж байж “Miss Universe”-ийн тайзан дээр алхах эрх нь нээгдэнэ. Энэ нь тухайн улсынхаа хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалдаг юм билээ. Тухайлбал, Тайланд жил бүр 120 мянган доллар, Венесуэл 100 мянга, Филиппин 70 мянган доллар төлдөг гэсэн. Харин Монголчуудад тун боломжийн санал өгсөн байна гэж бусад улсын лиценз эзэмшигчид надад хэлсэн.

Face of Beauty International тэмцээнээс орлоготой ажиллаж чадсан уу?

Ашиг олоогүй шүү дээ, бүр зарлагатай ажилласан. Манай Монголчуудын “мисс”-ийг харах өнцөг их өөр байдаг юм байна лээ. Улсаа сурталчилж байна гэж харахын оронд бараг л хэдэн биеэ үнэлэгч авчирсан мэтээр хандаж байсан. Үзүүлэх талаасаа амжилттай болсон ч, хөшигний ард ачааны хүндийг үүрч явсан хүмүүст их том цохилт болсон.

Сэтгүүлч мэргэжилтэй Анхбаяр юуны тулд хасах данстай миссийн тэмцээн хийж, одоо бүр хамгийн том тэмцээнийх нь эрхийг авсан юм бэ?

Олон улсын тэмцээн хийчихээд, дахиж миссийн тэмцээнтэй орооцолдохгүй, тэгээд ч би ямар энэ салбарын хүн биш гэж бодож байсан. (инээв) Тэгээд “Miss Universe”-ийг хаячихсан байх үед миний бараг зуун и-мэйлд нэг л удаа хариулдаг “Miss Universe”-ийн гадаад харилцааны төлөөлөгчөөс нааштай хариу ирсэн байсан. Угаасаа л миссүүдтэй ойр байх хувь тавилантай хүн юм байлгүй гэж өөрийгөө зоригжуулаад, дараагийн ажилдаа орох гэж байна даа. Монголын гоо бүсгүйг 1.5 тэрбум хүн үздэг дэлхийн том тайзнаас харах гайхамшигт үйл явдлын гүүр нь байх болсондоо баяртай байна.

Цаг гаргасанд баярлалаа. Нэмж хэлэх зүйл байна уу?

Энэ бол зөвхөн Анхбаяр гэдэг хүний ажил биш юм. Энэ бол Монголчууд өөрсдийгөө дэлхийд сурталчлах томоохон боломж учраас хүн бүрийн сэтгэл үүнд зовниосой, хүчээ өгөөсэй, дэмээ хайрлаасай гэж хүсч байна. Яагаад “Miss Universe”-ийн тайзан дээр Монгол гэдэг нэр дуудагдахгүй байгаа юм бэ гэсэн омогшлоор л эрхийг нь авах гэж зүтгэсэн. Төсөлтэй хамтран ажиллахыг хүссэн байгууллага, хувь хүмүүсийг хоёр гараа дэлгээд л угтах болно.

Үйлст нь өндөр амжилт хүсье.

Маш их баярлалаа. Цаашдаа танай сайтын хамт олноор дамжуулан “Miss Universe”-тэй холбоотой бүхий л мэдээллийг хамгийн түрүүнд өгч байх болно. Тун удахгүй Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвар дэлхий нийтийг байлдан дагуулж,  300 мянган долларын үнэ бүхий титмийг тэргүүндээ зална гэдэгт итгэлтэй байна.