Манай улсын санаачлан зохиодог Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хуралд Орос, Хятад, Солонгос, Япон, Канад зэрэг 15 орны Засгийн газрын төлөөлөгч, судлаачид, НҮБ, Европын холбоо, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна.

Хуралд оролцож буй 200 гаруй төлөөлөгч Зүүн хойд Азийн аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаанаас гадна ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах, Монголын нар, салхины эрчим хүчний нөөцийг ашиглах асуудлыг голчлон хэлэлцэх юм.

Энэ хүрээнд ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын хуралд илгээлт бичиг хүргүүлснийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Зураг: Ерөнхийлөгч

Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгааг онцлон бүс нутгийн эдийн засаг томрохын хэрээр нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг оновчтой шийдэх гарц нь эрчим хүчний шинэ сүлжээ гэдгийг дурдсан юм. Мөн Монгол улс хөрш орнуудтайгаа эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдох, цэвэр эрчим хүчийг бүс нутагт экспортлох судалгааг Азийн хөгжлийн банктай хамтран хийж дуусгасныг мэдэгдлээ.

Уг цогц судалгаагаар манай улс 200 гигаватт салхины эрчим хүч, 1.2 тераватт нарны эрчим хүчийг үйлдвэрлэж, хөрш орнууддаа экспортлох, үндэсний эрчим хүчний сүлжээг өргөтгөн хөгжүүлж, хил дамнасан холболтоор 2036 он гэхэд 100 гигаватт хүртэл хямд өртөгтэй, цэвэр эрчим хүч экспортлох боломжтойг тооцоолжээ.

Мөн энэ чиглэлээр манайд хийгдсэн бусад орнуудын судалгааны үр дүнгээс харахад бүс нутгийн эрчим хүчний шинэ, дэвшилтэт зах зээлийг бий болгоход тухайн бүс нутгийн орнуудын Засгийн газрын дэмжлэг, нэгдмэл байр суурь нэн чухал гэдгийг Ерөнхийлөгч дурдаад стандартыг уялдуулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатайг онцолсон байна.

Түүнчлэн Монгол улс эрчим хүчний нэгдсэн сүлжээ, шинэ зах зээл бий болгох зорилгыг дэмжих бүс нутгийг хамарсан байгууллага байгуулах төслийг боловсруулсан ба Зүүн хойд Азийн бүс нутгийн бусад орнуудтай хэлэлцэн ирэх есдүгээр сард уг хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар ажиллаж байгаа гэдгийг хэлсэн юм.

Энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

Зураг: Ерөнхийлөгч