Монголбанкнаас өнгөрсөн он болон энэ сард эдийн засаг, санхүүгийн салбарт гарсан онцлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийлээ.

Тэд өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа олон улсын стандартын дагуу бэлтгэж, үүнийг нь хөндлөнгийн аудитын компани PWC Mongolia баталгаажуулсан байна.

Тайлант хугацаанд Монголбанк 176.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2012-2016 онд хуримтлагдсан гурван их наяд төгрөгийн алдагдлыг 2.8 их наяд төгрөг болгон бууруулсан гэжээ. Үүнээс гадна энэ онд Засгийн газрын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь руу бууна гэж тооцоолсон байна.

Мөн “2020, 2021 онд төлөгдөх их хэмжээний өрийг төгрөгөөр биш доллараар төлөх учир Засгийн газар санхүүгийн чадавхаа доллараар бий болгох ёстой” гэж  Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлсэн юм.

Цаашлаад ОУВС-ын захирлуудын зөвлөл гуравдугаар сарын 28-нд хуралдаж, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг хийсэн талаар мэдээллээ. Захирлуудын хурлаар хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсөв, гадаад валютын нөөцийн гол зорилтууд давж биелэн манай улсын эдийн засгийг төсөөлж байснаас илүү хурдацтай сэргэсэн гэж дүгнэжээ.

Ийнхүү дараагийн шатны санхүүжилт болох 30.55 сая долларыг Монголбанкны дансанд шилжүүлсэн байна. 

Үүнээс гадна Монголбанк дэргэдээ эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнг шинээр байгуулсан байна. Энэ нь манай улсын хөгжлийн болон эдийн засаг, санхүүгийн бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц судалгааны ажлуудыг өргөн хүрээнд хийж,  төрийн албан хаагч, санхүүгийн мэргэжилтнүүдэд дунд болон ахисан түвшний сургалт явуулах зорилготой юм.

Сонирхуулахад, Монголбанк өнгөрсөн сард мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулан 10 хувь болгосон. Уг нь бодлогын хүү буурснаар арилжааны банкнуудын хүү буурах боломжтой ч одоогийн байдлаар хүүгээ бууруулсан банк байхгүй байгаа юм.