УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. 

Эхлээд С.Даваасүрэнг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь дэмжсэнээр ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан юм. 

Үргэлжлүүлэн Н.Баяртсайханыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж 57.1 хувь нь дэмжлээ. Тэрээр энэ сарын 15-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Манай улс 10-р сарын 19-нд санхүүгийн сахилга батгүй гэх шалтгаанаар ФАТФ-ын саарал жагсаалтад орсон юм. Энэ нь Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо хангалтгүй ажилласнаас болсон гэж үзэн Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарт хариуцлага хүлээлгэнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн байдаг. 

Ийнхүү энэ сарын наймны чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хэлэлцэж эхэлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. 

Н.Баяртсайханы ажилласан байдал:

  • 1982-1989 онд Намын дээд сургуульд багш,
  • 1992-2008 онд УИХ-ын гишүүн,
  • 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,
  • 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга,
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, сангийн сайд,
  • 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч,
  • 2004-2016 мөн холбооны хяналтын зөвлөлийн дарга,
  • 2016 оноос хойш Монголбанкны ерөнхийлөгчөөр ажилласан байна.

С.Даваасүрэнгийн ажилласан байдал: 

  • 1996-2003 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш,
  • 2001-2003 онд Тогтвортой амьжиргаа төслийн ерөнхий зохицуулагч,
  • 2003-2005 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн захирал,
  • 2005-2007 онд Америкийн Хэритэйж Юнайтад Вэй судалгааны байгууллагад судлаач,
  • 2006-2008 онд Америкийн Нью Хэмпширийн их сургуульд багш,
  • 2008-2009 онд Америкийн Дахин хөрөнгө оруулалтын корпорацид шинжээч, зөвлөх,
  • 2010-2012 онд МУИС-д ахлах багш, тэнхимийн орлогч эрхлэгч, эрхлэгч,
  • 2014-2016 онд МАН-ын даргын эдийн засгийн зөвлөх,
  • 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллажээ.