Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг угтан Монгол бичгийн хэрэглээг эрчимжүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлаг, төрийн болон ТББ-ын хэрэгжүүлсэн ажлын талаарх хэлэлцүүлэг боллоо.

Сүүлийн үед нийгмийн болон олон нийтийн сүлжээнд төр засгийн байгууллагуудын анхаарлыг татсан сэдэв нь Монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудал гэдгийг албаныхан хэллээ. Уг асуудалтай холбогдуулан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж үзэхэд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байжээ.

Тухайлбал, Монгол хэлний тухай хууль мөрдөгдөж эхлээд гурван жилийн хугацаа өнгөрөхөд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд үүрэгт ажлаа хийж эхлүүлээгүй, зарим нь хүлээсэн үүрэг, заалтаа ч мэдэхгүй хэмжээнд байсан гэдгийг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан хэллээ.

Иймд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгч зарлигийн зарим заалтыг онцгойлон анхааруулсан байна.

Дашрамд дурдахад,  Манай улс Монгол бичгийн цахим хэрэглээний үндэсний стандарт Монголжин бичгийн кодыг хэрэглэх дүрмийг 2000 онд баталсан ч, холбогдох байгууллагууд шинэчлэн хөгжүүлэх, засаж сайжруулах ажил хийгээгүй өдийг хүрснээс одоогийн олон улсын кодчиллоос зөрүүтэй болсон байна.