Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож буй Монгол дархан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд хот, хөдөөгийн 142 дархан 160 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлснээс утсан сүлжмэл, ган хөөмөл, сийлбэр, гоёл чимэглэл, бурхан шашны холбогдолтой урлалууд давамгайлж байна.

Ийнхүү үзэсгэлэн зохиож, бүтээлээ нийтэд дэлгэн үзүүлснээр цаашид илүү хэрэглээнд чиглэсэн уран дарханы бүтээл хийх хэрэгцээ нэмэгдэнэ гэж уран дархад үзсэн юм. Дархад хэрэглээний гэхээс илүүтэй захиалгаар бүтээл урлах нь их байдаг гэнэ. 

Ялангуяа ээмэг, бөгж, толгойн гоёл, боолт зэрэг гоёл чимэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт өндөр тул энэ чиглэлд дизайн, маркетинг түлхүү хөгжиж 3D нано технологийг дархад өдөр тутмын ажилдаа нэвтрүүлжээ.

Мөн цар таваг, домбо зэргийг орчин үеийн шинжтэй, гоёмсог хийцтэй, хүнсний зориулалттайгаар урлаж, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хурим найранд үнэгүй хэрэглүүлэх зэргээр бүтээлээ олонд танилцуулж эхэлсэн байна.

Монгол дархан үзэсгэлэн нь гурван жил тутам зохиогддог ба анх 2004 онд зохиогдож байжээ.