Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2018” судалгааны урьдчилсан дүнг танилцууллаа.

Энэ жилийн тусгай тайланд 63 улс хамрагдсан ба манай улс 52.6 оноогоор 62-рт бичигджээ. Харин Америк, Хонг Конг, Сингапур, Нидерланд, Швейцар зэрэг улсууд эхний тавд бичигдсэн байна. Америк эдийн засаг, дэд бүтэц зэргээсээ шалтгаалж өнгөрсөн жилээс гурван байр ахисан бол Хонг Конг нэгээр ухарчээ.

Жагсаалт тухайн орны улс төр, эдийн засаг зэрэг хүчин зүйлээс хамаарч өөрчлөгддөг байна.

Жишээ нь, манай улс жагсаалт ахиагүй ч оноо 4.5-аар нэмэгдсэн байгаа юм. Харин Бразил 2010 оноос хойш анх удаагаа шат ахиж, 60-т бичигдсэн байна. Түүнчлэн Украины бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа нэмэгдсэн тул Хорватыг хоёр байраар ухрааж 61-рт бичигджээ.

Уг судалгааг 1989 оноос хойш жил бүр 258 гаруй үзүүлэлтээр хэмжиж гаргасаар ирсэн байна. Тухайлбал, үндэсний хөдөлмөр эрхлэлт, худалдааны тоо баримт, бизнесийн байгууллагын авлигал, байгаль орчны асуудал, амьдралын чанар зэрэгт тулгуурладаг юм.

Өнгөрсөн жил манай улс 48.1 оноогоор мөн 62-т эрэмбэлэгдэж байжээ.