Монгол-Японы соёл, эдийн засгийн солилцооны нийгэмлэгийн тэргүүн Наохико Ито, Японы тэргүүлэгч компанийн удирдлагууд Мягмар гарагт Шинжлэх ухаан технологийн санд зочиллоо.

Тэд шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг чадваржуулж, хоёр орны эрдэмтдийн хамтарсан төсөл хэрэгжүүлж, Монгол эрдэмтдийн инновацийн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах, гадаад борлуулалтын суваг нээх зэрэг чухал сэдвээр ярилцсан байна.

Төлөөлөгчид манай эрдэмтдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцсан ба Японы зах зээлд нэвтрэх боломжтой гэж үзсэн 13 нэр төрлийн эко бүтээгдэхүүнийг онцлон, өөрийн улсдаа танилцуулахаар болжээ.

Энэ нь Засгийн газраас 2017 онд баталсан “Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд хийж буй томоохон ажлуудын нэг гэдгийг манай эрдэмтэд онцоллоо.

Шинжлэх ухаан технологийн сангийн төлөөлөгчид өнгөрсөн сард шинжлэх ухааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Японы JSPS нийгэмлэгийн Бээжин дэх төлөөлөгч болон Японы элчин сайд асан Такуо Кидокоро нартай уулзаж хамтран ажиллах эхлэлээ тавьсан юм.

Харин энэ удаагийн уулзалтаар тус сангийн орон тооны бус зөвлөхөөр Такуо Кидокоро ажиллах болсноо мэдэгджээ.

Такуо Кидокоро нь хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих олон ажил хэрэгжүүлсэн ба 1000 инженер, Япон-Монголын эдийн засаг хамтын ажиллагаа зэрэг төслүүд нь өнөөдрийг хүртэл хэрэгжсээр байна.

Шинжлэх ухаан, технологийн сан нь Засгийн газрын 1993 оны тогтоолоор байгуулагдсан бөгөөд шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.