Бид тоймлоё, Та унш

2019.03.18 Даваа                                                 11°C   2,631.60  Өвчин эмгэг ирнэ

Чухлыг тоймлоё


Монгол эрчүүдийн 15% нь дээд боловсролтой

Манай улсад 1.5 сая гаруй эрэгтэй байгаа ба ойролцоогоор 26 насандаа гэрлэж, дунджаар 66 насалдаг гэнэ. Энэ нь эмэгтэйчүүдээс 10 насаар бага үзүүлэлт юм. Мөн дөнгөж 15% нь дээд боловсролтой бөгөөд дунджаар ₮1148.7 мянгын орлоготой.

Эрчүүдэд тулгамдах асуудал олон

Эрчүүдийн 37% нь архины хамааралтай, амиа хорлогсдын 84% нь, гэмт хэрэгт холбогдогсдын 90% нь, нас барагсдын 62% нь эрчүүд гээд тэдэнд тулгамддаг асуудал нэлээдгүй бий. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчлөл их, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, хорт зуршилд өртөмтгий гэнэ.

Яах ёстой вэ?

“Эр хүн уйлж болохгүй, хатуу чанга байж амьдралаа авч явах ёстой” гэх буруу хүмүүжил, нийгэмд тогтсон хандлагаас салах нь зүйтэй гэж мэргэжилтнүүд хэлсэн байна. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй гэх тодорхойлолт нь биологийн ялгааг илэрхийлдэг болохоос биш эрх мэдэл, үүрэг хариуцлагаар ялгадаггүй гэдгийг нийгэмд хэвшүүлэх цаг нь болжээ.


УБ-Дарханы замыг 4/20-с хаана

Тус чиглэлийн 200 км замыг АХБ-ны $83 саяын хөнгөлөлттэй зээлээр 4 эгнээтэй болгон шинэчлэх юм. Энэ хүрээнд тус замыг 4/20-11/25 хүртэл хааж, шороон зам гаргахаар боллоо. Ийнхүү хот хоорондын зарим тээврийн маршрут өөрчлөгдсөн ба Дархан, Сэлэнгэ рүү гаргасан шороон замаар Улаан-Үүдийн зорчигч тээвэр явах бол Эрдэнэт, Булган, Хөвсгөлийн нийтийн тээвэр өөр замаар явах гэнэ. Тухайлбал, Эрдэнэт чиглэлийг Булганаар, Хөвсгөлийг Дашинчилэнгээр явуулахаар болжээ. Ийнхүү маршрутад өөрчлөлт орсон ч нийтийн тээврийн хуваарь болон зардал өөрчлөгдөхгүй юм.


4 хүний амины үнэтэй тусгай зөвшөөрөл

Эко алтан заамар компаний бүх тусгай зөвшөөрлийг цуцална гэж УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ. Учир нь 2/28-нд тус компанийн уурхайд осол гарч, 4 хүн нурангид дарагдан нас барсан юм. Гэхдээ МХЕГ болон БОАЖЯ-ны дүгнэлт гарсны дараа зөвшөөрлийг нь цуцлах ба одоог хүртэл ослын дүгнэлтийг МХЕГ танилцуулаагүй байна. Урьдчилсан мэдээллээр ослын шалтгаан уурхайн усан санг буруу байршуулснаас үүдэлтэй гэнэ.


Их Британи ЕХ-оос гарах хугацааг сунгахыг хүслээ

Их Британи ЕХ-оос 3/29-нд гарах байсан ч уг хугацааг 6/30 хүртэл сунгахыг тус улсын парламент хүслээ. Учир нь тэд уг асуудалд хуулийн судалгаа шаардлагатай гэж үзсэн байна. Уг саналыг 3/18-нд болох ЕХ-ны уулзалтаар хэлэлцэх ба 27 гишүүн орны дэмжлэгийг авснаар сунгагдах юм. Хугацааг хойшлуулснаар Их Британи 5 сард болох Европын парламентын сонгуульд хүчээр оролцож татвар төлөхөөс өөр аргагүй болно.


Боинг 737 Max 8 онгоцны үйлдвэрлэлийг зогсоохгүй

Тус онгоц 10 болон 3 сард осолдож 346 хүн амиа алдсан учир дэлхий даяар нислэгийг нь цуцласан юм. Гэвч компаний зүгээс ослын шалтгааныг илрүүлэх хүртэл захиалга авахгүй ч үйлдвэрлэлээ хэвийн үргэлжлүүлнэ гэж мэдэгдлээ. Шинжээчид тус онгоцны хурд тогтворжуулах систем ослын шалтгаан байх магадлалтай гэж байгаа ч эцсийн дүгнэлтийг гаргаагүй байна. Харин Боинг компани уг системээ шинэчлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Таны сонорт


Related image Гамшгаас сэргийлэх сургалт 3/21-нд болно.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр