Засгийн газар, ХХААХҮЯ-ны захиалгаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар ШУТИС-ийн Хувцас судлалын төвөөс уг судалгааг 2017-2019 онд хийж гүйцэтгэжээ.

Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг байна. Харин манай улс 1985 онд хүүхдийн биеийн хэмжээний судалгаа явуулж, MNS 4253-1995 стандартыг 1995 онд боловсруулсан байдаг. 

Гэвч энэ нь нийгэм, цаг үе, технологийн хөгжил дэвшил, амьдралын хэв маягийг даган өөрчлөгдөж өнөөгийн хүүхдийн биеийн хэмжээг бүрэн илэрхийлж чадахгүй болжээ. Үүний нэг жишээ нь дээрх стандартын дагуу үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас, сургуулийн ширээ, сандал таарахгүй байх зэрэг асуудал тулгардаг байна. 

Иймд Монгол хүүхдийн биеийн хэлбэр, хэмжээг судалж тогтоох, мэдээллийн сан үүсгэх зайлшгүй шаардлага тулгарчээ. Судалгааг түүврийн аргаар Төв, Ховд, Дорноговь, Орхон, Дорнод, Сүхбаатар аймаг, нийслэлийн 9012 сурагчаас биеийн 63 төрлийн хэмжээг антропометрийн хүрэлцэх, үл хүрэлцэх 3D бодискайнер ашиглан хэмжилт хийсэн байна.

Улмаар 06-18 насны охидын биеийн хэв шинжит галбирын ангилал, Биеийн хэмжээ MNS 2019, 06-18 насны хөвгүүдийн биеийн хэв шинжит галбирын ангилал, Биеийн хэмжээ MNS 2019 стандартыг батлууллаа.

Судалгааны дүнг 2008, 2015 оны судлаачдын хэмжилттэй харьцуулахад биеийн өндөр эрэгтэй сурагчдын хувьд бүх насанд 0.3-6.91 см өсөлттэй, эмэгтэй сурагчдад 14 нас хүртэл 2.0-7.0 см хүртэл өсөлттэй байжээ. Харин эмэгтэй сурагчид 15, 16 насанд хоёр см хүртэл буурсан, 17 насанд хоёр см-аар өсөлттэй байна.

Мөн цээжний бүслүүр хэмжээ эрэгтэйд 6-18 насанд 12 см хүртэл их, эмэгтэйд 17 см хүртэл нэмэгдсэн байгаа нь хүүхдүүд таргалсныг харуулж байгаа юм. Ийнхүү Монгол хүүхдийн биеийн хэмжээний үндэсний стандартыг боловсруулснаар ЕБС-ийн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг стандартад нийцүүлэх боломжтой болсон байна.                                                                                                               

Судалгаагаар :

  1. Монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилтийн талаар нэгдсэн дүгнэлт гаргалаа. Үүнд:
  • Эрэгтэй сурагчдын биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй сурагчдын 12 ангилал үүсгэн биеийн дундаж хэлбэрийг тогтоосон.
  • Хөвгүүд хамгийн өндөр нь 190-197 см ба охид хамгийн өндөр нь 170-176 см байна.
  • Охидын хувьд 1-р ангид хамгийн намхан нь Улаанбаатарын сурагчид, хамгийн өндөр нь Төв аймгийн сурагчид байна. Гуравдугаар ангиас эхлэн охидод нурууны бөхийлт ажиглагдаж байгаа ба 3-5 ангид ойролцоо өндөртэй болж байна. 5-8 ангид өсөлт огцом явагдаж 9-11 ангид жигдхэн өссөн. Ахлах ангид Дорноговь, Орхон аймгийн охид илүү өсгөлүүн болсон байна.
  • Хөвгүүдийн хувьд Ховд аймгийн хөвгүүд намхан, Улаанбаатар, Орхон, Төв аймгийн хөвгүүд өндөр байна. 1-5-р ангид жигд өсөлттэй байгаа ба 7-9 ангид огцом өсөлт байна. Гуравдугаар ангиас эхлэн бөгтийлт ажиглагдаж байгаа бөгөөд 6-7 ангиас биеийн хэлбэрийн өөрчлөлт эхэлж байна. Ахлах ангиас нурууны бөгтийлт багасаж байгаа нь бие бялдар, булчин томорч байгаатай холбоотой гэж үзжээ.
  1. Монголын 6-18 насны хүүхдийн биеийн дундаж хэмжээ, стандарт гарснаар хүүхдийн биеийн хөгжлийн талаарх бодлогыг тодотгож, хүүхдийн эрүүл мэндэд анхаарахад оруулах хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлжээ.
  2. Судалгааны үр дүнгээр хүүхдийн биеийн дундаж хэмжээс, 3D дүрсжүүлсэн зураг гаргасан нь контент болон хувцасны үйлдвэрлэл, загвар зохион бүтээлтэд ашиглагдах манекен үйлдвэрлэх үндэс бүрдсэн байна.

 Монгол хүүхдийн биеийн дундаж хэмжээ, см

 

Нас

Өндөр-цээжний бүслүүр-бүсэлхийн бүслүүр, см
Хөвгүүд Охид
6 нас 116-56-51 116-56-48
7 нас 122-60-54 122-60-51
8 нас 128-64-57 128-60-54
9 нас 134-64-57 134-64-57
10 нас 140-68-60 140-68-57
11 нас 146-72-63 146-72-60
12 нас 152-76-63 152-76-63
13 нас 158-76-66 158-80-63
14 нас 164-80-66 158-80-66
15 нас 164-80-66 158-80-92*
16 нас 170-84-69 158-84-92*
17 нас 170-84-72 164-88-92*