Уулзалтаар энэ онд тохиож буй Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцлоо.

Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд дэх нягт хамтын ажиллагаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1000 болсон зэрэг үр дүнтэй байгаа ажлуудыг хэлэлцсэн байна.

Цаашид талууд Тяньжин хотод үйл ажиллагаа явуулдаг Монголын ААН, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаатарт хийдэг болох талаар судалж хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Мөн нийслэлд орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, хотын хүн ам цаашлаад гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж, Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж байна.

Түүнчлэн уулзалтаар талууд Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар хэлэлцжээ.

Үүнээс гадна хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны механизмын хоёрдугаар уулзалтыг удахгүй Бээжин хотноо зохион байгуулахаар болжээ.

Дашрамд дурдахад, манай улс Хятадтай 1949 оны 10-р сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон юм.