Чуулганаар манай улс Казахстантай байгуулсан ялтан шилжүүлэх тухай гэрээг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувийн саналаар баталлаа.

Манай хоёр улс 1993 онд гэмт хэрэгтнүүдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулсан байна. Улмаар энэ оны гуравдугаар сарын 29-нд Ялтан шилжүүлэх тухай Монгол, Казахстан улс хоорондын гэрээг байгуулах албан бичигт гарын үсэг зурсан юм.

Энэ оны 10-р сарын байдлаар манай улсын зургаан иргэн Казахстанд ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг нь эх орондоо шилжих хүсэлт гаргажээ. Өмнө нь ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлэн авчээ.

Сануулахад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж  энэ сарын 15-17-нд Вьетнамд айлчлах үеэр Ялтан шилжүүлэх тухай Монгол Вьетнам хоорондын гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн ялтан шилжүүлэх тухай Монгол Макао хоорондын хэлэлцээрийг батлах тухай хуулийн төсөл байнгын хороогоор дэмжигдэн чуулганаар орохоор болсон юм.

Манай улсаас Вьетнамд ял эдэлж буй иргэн байхгүй бол Макаод тавдугаар сарын байдлаар 12 иргэн ял эдэлж байна.