Монгол, Пакистаны гадаад харилцааны яам хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт энэ сарын таванд Исламабад хотноо боллоо.

Уулзалтаар хоёр тал харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож Монгол, Пакистан нь газар зүйн хувьд алслагдсан, зам тээврийн хувьд бэрхшээлтэй ч хамтын ажиллагааг олон салбарт хөгжүүлэх боломжтойг онцлон тэмдэглэжээ.

Улмаар улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсон байна. Мөн парламент хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, харилцан айлчлал хэрэгжүүлэх, бизнесийн төлөөлөгчдийг харилцан солилцох, бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцжээ.

Түүнчлэн Пакистаны тал Бүс ба зам санаачлагын хүрээнд хэрэгжүүлж буй Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилтийг манай улсад танилцуулсан байна.

Сонирхуулбал, манай улс Пакистантай 1962 онд дипломат харилцаа тогтоосон ба найрсаг хамтын ажиллагаатай байдаг юм. Үүнээс гадна 2016 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 1.392.000 долларт хүрсэн бөгөөд Пакистанаас 1.3 сая долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.