Монгол тэмүүлэл сургуулийн сурагчдыг  Худалдаа аж үйлдвэрлэлийн сургуулийн байр руу шилжүүлэхийг эсэргүүцэж эцэг, эхчүүд нь Чингисийн талбайд жагслаа. 

Тэд “Бид нүүхгүй” гэх уриалгыг чанга яригчаар хэлж, “Монгол тэмүүлэл сургуулийг нүүлгэхийг зогсоо” гэх лоозон барьж, шүгэл үлээж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Эцэг эхийн төлөөлөл Б.Золбоо хэлэхдээ, “сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд  адилхан ардын хүүхдүүд, багш нарыг хооронд нь тэмцэлдүүлж байна. Бид эцсээ хүртэл тэмцэнэ, шаардлагыг хүлээж авахгүй бол дахин жагсаж, өлсгөлөн зарлана” гэлээ. 

Жагсаалын дараа Төрийн гурван өндөрлөг болон холбогдох албаны хүмүүст сургуулийн байраа эргүүлж авах талаар шаардлага хүргүүлнэ гэдгээ эцэг, эхчүүд мэдэгдсэн юм. 

Монгол Тэмүүлэл нь Кембрижийн хөтөлбөртэй төрийн өмчит сургууль бөгөөд 2017 онд 133-р сургуулийн хичээлийн байрны асуудал шийдэгдтэл тус сургуулийн нэг, хоёр давхарт хичээллүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэвч энэ хичээлийн жилээс эхлэн Монгол тэмүүлэл сургуулийг Худалдаа аж үйлдвэрлэлийн их сургуулийн нэгдүгээр байр руу нүүлгэх шийдвэрийг БСШУСЯ-аас гаргасан боловч нэгдүгээр байрны засвар дуусаагүй байгаа юм.