Монголын орчин үеийн цирк, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хамтран Францын алдарт Феникс циркийн тайзнаа Нүүдэлчин тоглолт зохион байгуулна.

Тоглолт энэ сарын 23-аас хоёрдугаар сарын 11 хүртэл үргэлжилэх ба манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцох юм. Монголын талын ерөнхий найруулагчаар МУСТА Б.Оргилболд ажиллаж байгаа гэнэ.

Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд Монгол улс, тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулах юм.

Тухайлбал, таван ханатай гэрийг өмнө хийж байгаагүй найруулга ая бүжиг дэглэлттэйгээр дөрвөн минутад барих, таван хошуу малыг дуурайлгасан чихмэлийг хүн өмсөж явах, жонглёрын хэрэгсэл нь саалийн хувин, араг, савар зэрэг байна.

Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Германд 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байсан ба Нүүдэлчин тоглолт нь Баруун Европт хийж буй хоёр дахь удаагийн бие даасан тоглолт болох юм.