Тулгар Төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагааг ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ.

Тэрээр Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж энх амгаланг тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн өв бахархал юм. Монгол төрийн их наадам нь та биднийг бие сэтгэлээрээ жинхэнэ Монгол хүн хэмээн ойлгуулж ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн Монгол хэмээх давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм” гэлээ.

Мөн “Наадмын дараа бид 1992 онд тунхагласан ардчилсан үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Иймээс үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр хариуцлагатай хандаж, идэвх оролцоо гаргах нь юу юунаас чухал” гэдгийг онцоллоо. 

Энэ удаагийн наадмын тоглолтыг нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор зохион байгуулж байна. Энэ нь үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчлыг уялдуулсан учир ийнхүү нэрлэжээ. 

Нээлт, хаалтын тоглолтод Үндэсний урлагийн их театр, УДЭТ, УДБЭТ, Улсын филармон, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын хүүхэлдэйн театр, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, Хөгжим бүжгийн консерватор, Монголын хүүхдийн ордон, Улсын цирк, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагын 2,000 орчим уран бүтээлчид оролцож байна.

Наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, УГЗ Г.Цоггэрэл ажиллажээ. Тэрээр өнгөрсөн жилийн наадмын ерөнхий продюсерээр ажилласан юм.