Tрансперенси Интернэшнл олон улсын эвслээс жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн үр дүнг танилцууллаа. Судалгаанд нийт 180 орон хамрагдсан ба манай улс 180 улсаас 35 оноогоор 106-р байрт бичигдсэн байна.

Авлигын индекс нь 2012 оноос хойш сайжирсан улсуудын 60 хувь нь улс төрийн санхүүжилтийн хуульдаа цогц шинэчлэл хийж чадсан гэнэ. Манай улсын хувьд шилэн дансны  ил тод байдлын тухай хуулийг баталсан ч авлигын индекс нь сайжраагүй байгаа юм. 

Tрансперенси Интернэшнл байгууллагаас төрийн бохир мөнгийг хязгаарлах, иргэдийн оролцоог тэгш шударга байдлаар бүрдүүлэхийг зөвлөсөн байна. Эдгээр шинэчлэлийг хийгээгүйн улмаас төрийн бодлогоор дамжуулж авлигал тогтолцооны хэлбэрт шилжсэн гэж дүгнэжээ. 

Индексийг гаргахын тулд эдийн засаг, улс төр, өрсөлдөх чадвар зэргийг үнэлдэг мэргэшсэн байгууллагын 13 хүртэлх мэдээллийг ашиглаж, 0-100 оноогоор дүгнэсэн юм. 

Дэлхийн улс орнуудын дунджийг авч үзвэл гурваны хоёр нь 50-иас доош оноо авсан байгаа нь дэлхий нийтээр авлигын түвшин их байгааг харуулж байна. Манай улсын хувьд 2018 онд 37 оноо авч 93-р байрт бичигдсэн юм.

АТГ-ын мэдээлснээр улс төрийн намууд хамгийн их авлигад өртсөн байгууллагаар нэрлэгдсэн бол араас нь хууль шүүхийн байгууллага орсон байна. 

                                                                                                                     Г.Бадамханд