ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Парис хотод энэ сарын 13-18 өдрүүдэд болж байна. 

Хурлаар манай улсыг саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанд дэлхийн 200 гаруй улс, НҮБ, Дэлхийн банк, ОУВС-ийн төлөөлөгчид оролцож байгаа ба Монгол улсыг Саарал жагсаалтад оруулсан гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэ мэдэгдлээ. 

ФАТФ-аас манай улсад удаа дараа шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн боловч төр засгийн зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй нь саарал жагсаалтад орох шалтгаан болжээ. Тухайлбал, арилжааны банкууд актив хөрөнгөө 700 тэрбум төгрөгөө нэмэгдүүлсэн боловч 500 тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй байна. 

Гэвч арилжааны банкууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй байхад Монголбанкны ерөнхийлөгч актив хөрөнгөө нэмэгдүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зуржээ. Үүнээс болж манай улсыг саарал жагсаалтад оруулна гэж ФАТФ-аас мэдэгдсэн байна. 

Ийнхүү ФАТФ-ын саарал жагсаалтад орсноор манай улс олон улсын байгууллагын эдийн засгийн хоригт орох, гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламж, худалдаа буурах эрсдэлтэй. Мөн олон улсын бойкотод орох магадлалтай ба ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллагууд ФАТФ-тай хамтарч ажилладаг байна. 

Саарал жагсаалтад орсноор ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох эрсдэлтэй байгаа ба нийт таван үе шаттайгаар 217.33 сая долларын санхүүжилт авсан юм. Манай улс 2013 онд мөн ФАТФ-ын саарал жагсаалтад орж байсан ба 2014 онд гарчээ.

ФАТФ олон улсын байгууллагын саарал жагсаалтад орсон орнууд: 

  • Серби 
  • Тунис
  • Ирак 
  • Сири 
  • Йемен 
  • Этиоп 
  • Шри-Ланка 
  • Пакистан