УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг АТГ-аас эрэн сурвалжлах ажиллагаа эхэлж байгаа гэж мэдэгдлээ. 

Мөн өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг нь хил давсан учир авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтан, хууль шүүхийнхэнд яаралтай хилийн хориг тавих шаардлагыг Улсын дээд шүүхэд хүргүүллээ. 

Үүнээс гадна FATF гэх олон улсын байгууллагаас манай улсыг есдүгээр сарын сүүлээр саарал жагсаалтад оруулна гэж мэдэгдсэн хэмээн Ж.Батзандан хэллээ. FATF нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.  

Манай улс тус байгууллагад 2004 онд элсэж, 2006 онд Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хууль баталжээ. Гэвч үүнээс хойш мөнгө угаалт, терроризмтой холбоотой нэг ч хэргийг шүүхээр шийдвэрлээгүй байна. 

Хэрэв саарал жагсаалтад орвол бүх валютын гүйлгээ зогсож, долларын ханш 7000-10 мянган төгрөгт хүрснээр Монголын эдийн засаг 2020 онд дампуурна гэж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн юм. 

Ийнхүү тэрээр “МАНАН-ын шүүгч нар байгаа цагт Мөнгө угаах, терроризмтой тэмцэх гэмт хэргийг шийдвэрлэхгүй. Тиймээс нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьсан” гэлээ. 

FATF олон улсын байгууллагын саарал жагсаалтад орсон орнууд: 

  • Серби 
  • Тунис
  • Ирак 
  • Сири 
  • Йемен 
  • Этиоп 
  • Шри-Ланка 

Хар жагсаалтад орсон орнууд: 

  • Иран 
  • Хойд Солонгос