Өнгөрсөн хугацаанд тус хөтөлбөрийг таван үе шаттайгаар хэрэгжүүлж, нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая долларын санхүүжилт аваад байгаа юм. Тэгвэл ОУВС-аас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны урьдчилсан үнэлгээг Жэф Готтлийбээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 7-17-ны өдрүүд хийжээ.

Энэ хүрээнд Монголбанкнаас авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хэрэгжилт, тоон үзүүлэлт, Монгол улсын эдийн засгийн үзүүлэлт зэрэгт үнэлэлт хийсэн байна.

ОУВС-ийн ажлын хэсгийн үнэлгээгээр манай улсын гадаад нөхцөл байдал сайжирч, эдийн засгийн өсөлт өндөр хэвээр байгааг дурджээ. Мөн төсвийн алдагдал хурдацтай багасч, Засгийн газрын өр огцом буурахад нөлөөлж, эрх баригчид макро эдийн засгийн бүх зорилтуудыг оны эцэс гэхэд биелүүлэхээр байна гэжээ.

Гэвч гадаад валютын нөөц болон банкны өөрийн хөрөнгө эмзэг хэвээр байгаа тул макро эдийн засгийн бодлогууд зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, гадаад орчны шокоос хамгаалахад чиглэх шаардлагатайг сануулсан байна.

Энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 314.5054 саяын ЗТЭ буюу ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээл олгогдох юм.

Сануулахад, манай улс тус хөтөлбөрийн тав дахь шатны санхүүжилтийг авснаар нийт олгогдох зээлийн 50 хувийг аваад байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 434.3 сая долларын зээл авах юм.