Швейцарын Берн хотод болсон Дэлхийн шуудангийн холбооны ашиглалтын зөвлөлийн хуралдааны үеэр манай улсын хаягийн бичвэр S42 стандартын шаардлагад нийцсэн болохыг тодорхойлсон батламж гардууллаа.

Ингэснээр дэлхийн аль ч улсаас Монголын хаягийн бичвэрийн загварын дагуу захидал илгээх боломжтой болох юм.  Өөрөөр хэлбэл шуудангийн илгээмж төөрөх, буцах зэрэг саатал буурах нөхцөл бүрдэж байна.

Манай улс Дэлхийн шуудан холбооны Хаягжуулалт, дата өгөгдлийн төвийн хаягийн санд хаягийн бичвэрийн 46 хувилбарыг латин болон кирилл үсгээр галиглан хадгалуулжээ.

Сонирхуулбал, Дэлхийн шуудан холбоо нь 1874 онд байгуулагдсан ба НҮБ-ын мэргэшсэн ууган байгууллагуудын нэг юм. Уг байгууллага S42 гэх стандартын хэрэгжилтийг 2012 оноос хэрэгжүүлж байгаа ба одоогоор стандартыг бүрэн хэрэгжүүлсэн 54 улс байна.