Монгол Японы спортын салбар Токио-2020 олимпыг дуустал хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Японы Шизуока мужийн Яйзү хотын дарга, албаны төлөөлөгчдийн хамтаар манай улсын Биеийн тамир, спортын газар зочиллоо.

Уулзалтын үеэр хоёр тал софт теннис болон пара хөнгөн атлетикийн төлөөллүүдтэй уулзаж хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.

Гэрээний хүрээнд манай улсын ахлах сургуулийн охидын софт теннисийн баг Яйзү хотод очиж бэлтгэл сургуулилт хийхээр болжээ. Тус хотын охидын ахлах сургууль нь софт теннисний чиглэлээр хүүхдүүдийг хамгийн сайн бэлтгэдэг учир манай тамирчдыг хүлээн авч, туршлага солилцохоор болсон гэнэ.

Мөн хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хоёр талын спортын салбарын болоод тамирчдын ур чадвар, туршлага солилцох үйл ажиллагаа цаашдаа улам өргөжих болно гэдгийг Яйзү хотын дарга онцоллоо.

Япон улс нь манай улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд манай улсын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, спорт зэрэг нэлээдгүй салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажилладаг юм.