Манай улсад энэ спортын сайн нь гэхээсээ илүүтэй сүүдэртэй тал нь яригдсаар байгаа юм. Тэгвэл Монголд энэ спорт яагаад хөгжих ёстой басхүү ямар түвшинд хөгжиж байгаа талаар D-13 cпорт багийн тамирчид болох Г.Энхсүх, Р.Нармандах нартай ярилцлаа. Тэдний хувьд Дота-2 төрлөөр хичээллэдэг бөгөөд Team YG хэмээх таван гишүүнтэй багийг байгуулж олон улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцсоор иржээ. Одоогоор багаа D-13 спорт байгууллагатай нэгтгээд байна.

“E-sport-ын цаана асар их мөнгө, зах зээл эргэлдэж байна”

Г.Энхсүх, Зураг: Өдрийн Тойм

Яриагаа E-sport Монголд яагаад хөгжих ёстой вэ гэдэг асуултаар эхэлье?

Г.Энхсүх: Мэдээж бусад улсын жишгийг дагаад. Е-спорт олон улсад маш өндөр хөгжиж байна. Сагс, хөлбөмбөг гээд яг л бусад спортын зарчмаар өөрийн гэсэн үзэгчтэй болж, ДАШТ-үүд зохиогдож байна. Энэ утгаараа Монголд ч гэсэн хөгжиж, дэлхийд залуучууд гарах ёстой. Нөгөө талаараа үүний цаана асар их мөнгө, зах зээл эргэлдэж байдаг. Тухайлбал, The International гээд (Dota 2)-н ДАШТ өнгөрсөн жил гэхэд 30 сая долларын шагналын сантай зохиогдсон.

Монголын Е-спортыг олон улстай харьцуулахад ямар түвшинд байна гэж харж байна?

Г.Энхсүх: Миний ажигласнаар одоогийн байгаа байдал маш их хоцрогдолтой. Нийгмээрээ Е-спортыг буруугаар хүлээж авдаг. Гэхдээ юманд сайн муу хоёр тал байдаг. Үнэхээр дэлхийн тамирчин болно гээд өөрийгөө дайчлаад тэмцэж байгаа хүн байхад энэ спортыг зүгээр донтолтын хэмжээнд тоглодог хүмүүс байна. Энэ асуудал ганцхан Монголд ч биш бүх оронд байдаг. Гэхдээ манайд сайн тал гэхээсээ илүүтэй муу нь маш их яригддаг.

Мөн Е-спортыг спортын түвшинд хүлээж авч дэмжих хүмүүс бараг байдаггүй. Жишээ нь би энэ спортод амжилт гаргахын төлөө таван залуутай нийлээд Team YG багийг байгуулсан. Хэдхэн сарын өмнө бүрэлдэхүүнээрээ Тайланд улсад тэмцээнд оролцоод ирсэн байгаа. Саяхнаас л D-13 спорт биднийг дэмжээд, спонсорлоё, манай Дота- 2 үндсэн байг болох уу гэдэг санал ирээд бид хамтран ажиллаж байна.

Энэ мэтээр биднийг дэмжээд, ивээн тэтгэх хүмүүс олдоггүй нь Монголд Е-спорт хөгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан. Тухайн хүн хичнээн дэлхийн түвшний авьяас чадвартай байлаа гээд спонсор олдохгүй байвал тэр хүн зүгээр л ПС-нд мөнгөө үрж байгаатай ялгаагүй.

Зураг: Өдрийн Тойм

Тэгвэл таны бодлоор Е-спортыг Монголд хүлээн зөвшөөрүүлэх ямар арга байна вэ?

Г.Энхсүх: Үүнийг батлах ёстой. Өөрийнхөө багаар жишээ аваад ярихад олон улсын тэмцээн, Азийн аварга, ДАШТ-д түрүүлэх, үгүй юм гэхэд байр эзлэх маягаар Е-спортыг ойлгуулах. Энэ чинь дэлхийн түвшний спорт болоод хөгжчихсөн байна, Монгол залуус үүгээр нэрээ гаргаж болох юм байна гэх хандлагыг суулгасан цагт ойлгох байх. Мэдээж амжилт гаргаад эхэлбэл хүмүүс хүлээн зөвшөөрч эхэлнэ.

Донтогч, E-sport-н тамирчин хоёрын ялгаа нь юу вэ?

Г.Энхсүх: Зорилго нь өөр. Ихэвчлэн өөрийгөө ойшоохгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй хүмүүс л донтдог байх. Хүн өмнөө ямар нэгэн зорилго тавьж амьдардаг. Миний хувьд Е-спортын тамирчин болохыг багаасаа л хүссэн. Анх тоглож байсан тоглоомдоо дурлаж, үүгээрээ Монголын нэрийг дэлхийд заавал гаргана гэж өөртөө амласан. Зорилго том байгаа болохоор өдийг хүртэл энэ спортоор хичээллээд өөртөө итгэлтэйгээр явж байна.

Та хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Г.Энхсүх: Анх 2005 онд Дота-1-ийг сонирхогчийн түвшинд тоглож эхлээд их гоё санагдаж байлаа. Нэг удаа тэмцээнд оролцож үзээд цаашаагаа энэ спортоор улам их хичээллэх хүсэлтэй болсон. 2011 онд завсарлаад эргээд 2014 оноос дота-2 төрлөөр тоглож байна.

Танай багийг спонсорлож байгаа байгууллагынхаа талаар товч танилцуулаач?

Г.Энхсүх: Миний мэдэхийн D-13 спорт нь анх CSG-ын баг байсан. Монголдоо энэ төрлөөр нэлээдгүй амжилт үзүүлж, гадагшаа тэмцээнд оролцдог. Одоо бол СGS,  GO, Дота гээд Е-спортын төрлүүдийн багтай нэг том цогц байгууллага болж байгаа. CSG, Go-н баг нь Хятадад, Дота-2-нх Монголд бэлтгэл хийдэг.

“Эргэлзэх зүйл гарвал яах гэж эхлүүлснээ санадаг”

Р.Нармандах, Зураг: Өдрийн Тойм

Өөрийгөө товч танилцуулаач. Яагаад E-Sport-оор хичээллэх болов?

Намайг Р.Нармандах гэдэг 21 настай. E-sportoor явах гээд It инженерээр суралцаж байгаад их сургуулиасаа чөлөө авчихсан байгаа. Гадны том тамирчдыг хараад энэ мэргэжил болж болох юм байна гэдгийг ойлгож, зорилго тавиад өөрийнхөө хүссэн зүйлээ хийхийг хүссэн.

Олон улсын чанартай ямар тэмцээнүүдэд оролцож ямар амжилт үзүүлж байв. Тавьсан зорилго чинь хэр биелж байна?

Р.Нармандах: Өмнө нь Mongolz гэдэг багт байхдаа нэлээдгүй олон улсын хэд хэдэн тэмцээн, ДАШТ-д оролцож байсан. Саяхнаас Team YG багт орсон. энэ баг маань одоо D-13-т нэгдээд байна. Амжилтын хувьд одооноос л ахиж байгаа. Эхэндээ баг хожиж чадахгүй, эхний үеэсээ мултардаг байсан бол одоо туршлагажаад бусад орны багуудтай энэ тэнцүү өрсөлдөж, дундыг баримталдаг болсон.

Ер нь олон улсын тэмцээнд оролцоно гэдэг чинь бас нэг амжилт. Эхлээд Монголоосоо дараа нь Азийн Япон, Солонгос, Хятад, Тайланд гээд бусад улсуудаас шалгарч байж тэмцээнд явах эрхтэй болдог. Тавьсан зорилго маань хол байгаа ч алхам алхмаар дөхсөөр байна.

Өдөрт дунджаар хэдэн цагийг комьютерийн өмнө өнгөрөөдөг вэ?

Р.Нармандах:  Ерөнхийдөө янз бүр. Ихэнхдээ 8-10 цагийг комьютерийн өмнө өнгөрөөдөг. Үүнээс 4-5 цагт нь тоглоомоо тоглодог. Гэхдээ өөрийгөө заавал хүчлээд байдаггүй. Дуртай зүйлээ хийж байгаа бол түүнийгээ зовлонгоо болгож болохгүй.

Ер нь энэ спортыг амьдралынхаа нэг хэсэг болгоод явна гэдэгтээ итгэлтэй байдаг уу. Эцэх эх чинь хэр дэмждэг вэ?

Р.Нармандах:  Эхэндээ дэмждэггүй байсан ч намайг бүх зүйлээ зориулаад эхэлсэн болохоор одоо бол дэмждэг. Ер нь эргэлздэггүй, одоо байгаа дээрээ улам сайжраад явахыг хичээж байна. Хэрэв эргэлзмээр үе гарвал яах гэж энэ зүйлийг эхэлсэн ээ санадаг.

Тоглоом тоглодог хүн болгон энэ спортын тамирчин болж чадах уу?

Р.Нармандах:  Мэдээж хүн болгон Е-спортын тамирчин болж чадахгүй. Эхлээд өөрөө хүсэх хэрэгтэй бас авьяас, чадвартай байх шаардлагатай. Е-спорт бол оюун ухааны спорт, түргэн сэтгэх, багаар ажиллах гээд маш олон ур чадвар шаардагддаг. Дэлхий дээр хэдэн мянган хүн энэ спортоор тоглож байгаа билээ, цаашаа хэд нь тэмцээнд орж шилдэг болох вэ? энэ тоонд орж чадна гэж бодож байгаа бол зориглох л хэрэгтэй.

Энэ спортоор хичээллэх хугацаанд ямар сайхан зүйлүүд тохиолдож байв?

Р.Нармандах:  Mongolz гэдэг багт тоглож байхдаа Малайз руу хамгийн анхны том тэмцээнд оролцохоор явж байсан. Тэр үед зурагтаар хардаг ах нараа хараад гар бариад тэдэнтэй тоглож байхдаа өөрөөрөө, энэ спортоор явж байгаагаараа бахархсан.

Зураг: Өдрийн Тойм