УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх санал гаргах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Албан бичигт, Монголбанкны удирдлага мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс төгрөгийн доллартай харьцах дундаж ханш өнгөрсөн сард 2.632.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар суларсныг дурдсан байна.

Мөн “Монголбанк 2018 онд 1.4 тэрбум долларын интервенц хийсэн ч төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулж чадаагүй. Харин интервенц хийсэн мөнгөн дүн 2017, 2018 онуудад Монголбанкны худалдан авч, цэвэршүүлсэн нийт алтны нөөцтэй тэнцэж байгаа” гэжээ.

Иймд дээр дурдсан бүхэн Монголбанкны ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, үүний улмаас банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан гэж дүгнэн  Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хууль журмын дагуу УИХ-аар хэлэлцүүлэхийг хүссэн байна.

Дашрамд дурдахад, Н.Баяртсайханыг 2016 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон юм.