Монголбанк 2018 онд нийт 22 тонн алт худалдан авсан бөгөөд үүнийг өнгөрсөн онтой нь харьцуулахад 9.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тус банкнаас өнгөрсөн зургадугаар сараас 10-р сарын хооронд Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяныг орон даяар хэрэгжүүлж, алтны сорьц тогтоох, худалдан авах лабораторийг  Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан юм.

Энэ нь Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлж, алт худалдан авалт өнгөрсөн оноос давж биелэхэд чухал нөлөө үзүүлсэн байна.

Мөн энэ оны нэг сарын нэгнээс эхлэн ашигт малтмалын тухай 47.3.3-т заасан ашигт малтмалын хуулийн нөөц ашигласны татварын шинэчилсэн найруулга хүчингүй болж байна. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны татварын хэмжээ 2.5-аас таван хувь болж нэмэгдэж байгаа юм.

Ийнхүү татварын хэмжээ нэмэгдсэнээр алт тушаалт эрс буурахыг албаныхан мэдэгдэж буй юм. Тухайлбал, тус хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байх үед Монголбанканд тушаах алтны хэмжээ бага байсан бол 2014 оны нэмэлт өөрчлөлтөөр татварыг таваас 2.5 хувь болгон бууруулснаар алт худалдан авалт эрс нэмэгджээ.

Харин Засгийн газраас дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ашигт малтмалын нөөц ашигласны татварыг дахин 2.5 хувь болгож сунгах санал гаргаж 11-р сард УИХ-д өргөн барьсан юм. Гэвч УИХ-ын үйл ажиллагаа гацаж, чуулган хуралдахгүй байсаар шинэ онтой золголоо.

Дашрамд дурдахад, алт нь улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлэгч гол эх үүсвэр болдог төдийгүй ДНБ-ны гурван хувь, уул уурхайн салбарын 10 хувь, экспортын 13 хувийг эзэлдэг.