The Guardian сонины нийтэлсэн мэдээг бүрэн орчуулан хүргэе.

Яагаад Монгол хүмүүс олон улсын дууны тэмцээнд тэргүүн байранд ороод байна вэ? Энэ тухай олж мэдэхээр манай сэтгүүлч Кэйт Моллесон хамгийн сүүлийн үеийн од Г.Ариунбаатартай уулзахаар Монгол улсын 1600 гаруй км замыг туулсан юм. Г.Ариунбаатартай уулзахад тэрээр гүүний сүү ууж, гэрт унтаж, гайхамшигт дуунуудаа бичиж суув.  

Өнгөрсөн зун Кардиффын нэгэн бичлэг Улаанбаатарчуудыг байлдан дагуулсан юм. Уг бичлэгт дуурийн удирдаач Мари Кинг “Дэлхийн BBC кардифф дуучин” тэмцээний финалын шатны тоглолтын үеэр нүдэндээ нулимстай суух нь харагджээ. Хэн түүнийг уйлуулсан бэ гэж үү? Монголын баритон дуучин Г.Ариунбаатар.

Өндөр, өргөн мөртэй, тод инээмсэглэл тодруулсан, хүчирхэг хоолойтой, 29 настай тэрээр Россини, Верди, Чайковскийн дуунуудыг дуулж хүн болгоны сэтгэлийг хөдөлгөн, тэмцээний хамтарсан ялагчаар өргөмжлөгдсөн юм. Мари Кинг, “Түүний хоолой надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Багтаамжтай бөгөөд гайхамшигтай. Хүчлэлгүйгээр хүчирхэг хоолойгоор дуулдаг хүнийг бодитоор харах тун ховор” гэжээ.

Г.Ариунбаатарт өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд орж байсан туршлагагүй нэгэн. Тэрээр гэрт амьдарч, нүүдэлчин гэр бүлд хүмүүжиж, тал хээр нутагт мориор мал хариулж Монгол уламжлалаар өсжээ. Бага байхдаа үргэлж л дуулдаг хүүхэд байсан гэнэ. Ариунбаатар Улаанбаатарын их сургуульд сурч байгаад хоёр жилийн дараа төлбөрөө төлж чадалгүй гарсан байна. Тэрээр таксины жолооч болсон бөгөөд нэгэн орой Цагдаагийн газрын даргад үйлчлэн, түүний хүсэлтээр Цагдаагийн Сүлд чуулгад оржээ. Үүний дараа их сургуульдаа дахин суралцаж, улмаар Орос, Европын дуурийн театрууд руу тэмүүлжээ.

Бүх л барууныхны адил Монголын тухай Чингис хаан, Говь, хоёр бөхтэй тэмээ, зэрлэг адуу, гайхалтай хөөмийн дуучидтай орон гэдгээс илүү мэдлэггүй би Монгол руу дуу хураагуураа цүнхлээд л явсан юм. Надад өгсөн Монголын талаарх танилцуулгаас би коммунизмын дараа бахархалтайгаар хөгжиж буй орон, нэгэн үе дэлхийн хамгийн агуу эзэнт гүрэн байсан улсыг харж байлаа. Одоо гурван сая хүн амтай, Орос, Хятад гэх хүчирхэг гүрнүүдийн дунд орших энэ улсад гүүний саамнаас татгалзах нь бүдүүлэг аж. Энэ нь нутгийн ард түмний найрсаг сэтгэлийн бэлгэдэл гэнэ.

Гэвч чухам яагаад Монголд дуурь ингэж их хөгжсөн гэх асуултын хариуг би номноос олоогүй юм.  Г.Ариунбаатрын ялалт жирийн нэг тохиолдол байсангүй. Тэрээр 2015 онд Оросын Чайковскийн нэрэмжит тэмцээний эрэгтэй дуучны төрөлд тэргүүн байранд орж байв. Бусад олон дуучид ч Монголд бий. “Дэлхийн BBC кардифф дуучин” тэмцээний анхны Монгол оролцогч Э.Амартүвшин 2015 онд финалын шат хүртэл өрсөлдсөн бол өнгөрсөн жил Б.Батжаргал гайхалтай үзүүлбэр үзүүлсэн юм.

Монголын дуучид Орос, зүүн Герман, Польшид дуурийн мэргэжил эзэмшдэг уламжлал тогтсон гэж хэлж болно. Мөн Улаанбаатарт Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр гэх тоорын өнгөтэй шинэ үеийн сонгодог барилга байх юм. Тус газар 1963 онд Оросын дуурийн нөлөөгөөр байгуулагджээ. Өнөөдөр уг театр 285 ажилтантай, жилд 100 гаруй тоглолт тавьдаг гэнэ. Өнөөг хүртэл Монгол үндэсний дуурь болох “Учиртай гурван толгой” жүжиг 2022 удаа тоглогдсон байна.

Дуурийг ЗХУ оруулж ирсэн байж болно гэхдээ Монголчууд үндэслүүлж чаджээ. Үүнийг зарим хүмүүс геополитиктой холбон тайлбарлаж магад. Гэвч миний танилцсан залуу антропологич Ш.Туяа энэ талаар, “Жижиг улсын хувьд, дэлхий дахины анхаарлыг татахын тулд бид соёлоороо танигдах хэрэгтэй” гэж тайлбарласан юм.

Тэрээр, “Монголчууд Орос, Хятадын соёлын довтолгоонд өртөхийг хүсдэггүй. Oросуудыг өөрсдийнх нь тоглоомд ялах нь нэг бодлын сэтгэл ханамжтай байдаг“ гэсэн. Монголд дуурь хөгжих болсон бас нэгэн шалтгаан нь олон зууны тэртээгээс уламжлан ирсэн ардын дуу, хөөмийтэй холбоотой гэнэ. Дуурьтай адил хөөмийлөхөд ч бас олон жилийн туршлага, тусгай сургуулилт шаардлагатай, нэг дор төрөл бүрийн хоолойн давтамж үүсгэдэг байна.

Мэргэжлийн хөөмийчинг ойроос сонсоход ер бусын. Бид В.Батзоригийн хөөмийг бичиж авсан юм.

В.Батзориг

Түүний хөөмийлөлт гоёмсог бөгөөд хоолойгоо салхи шиг, дараа нь цас шиг болгож, бүргэд тэнгэрт дүүлэн нисэж байгаа юм шиг авиа гаргаж байсан. Хөөмийн үндсийг олохоор би Улаанбаатараас баруун тийш 1600 гаруй км аялж, Говийг туулан Ховд аймагт ирсэн юм. Зүг чиг асуухаар замд тааралдсан айлд орох бүрд намайг ходоодоо амраа гэж сүүтэй цай, чанасан хонины махаар дайлж байлаа.

Чандмань суманд ирэхэд наадам болж, бүр ч их сүүтэй цай, архиар дайлуулж, хөгшин залуу олон хөөмийчдийг сонссон юм. Тэнд байсан бүх хүн хөөмийг байгальтай холбон тайлбарлаж байлаа. Уртын дуу гэх уламжлалт тууль нь Монгол нутгийг дүрсэлсэн шүлэгтэй, урт хэмнэл нь хадархаг уулс, алс хязгаарт харагдах гоёмсог чимэглэл мэт сонстоно.

Хүн ямар дуу авиа гаргадаг байх нь хаана төрснөөс шалтгаална гэдэгт би итгэж өгөхгүй байлаа. Энэ угсаатны онцлог уу эсвэл цэвэр этгээд зүйл үү. Гэвч би Г.Ариунбаатар зэрэг Монгол дуучдын гаргадаг гайхалтай хоолойг үгүйсгэж чадахгүй.

Монголын дуурийн хөгжлийн талаар хоёрдмол үзэл бодолтой нэгэн хүнтэй ярилцсан юм. Хөгжим судлаач Б.Хатучулуун дуурийг Монголчуудын биеийн болоод газар нутгийн онцлог, хоол хүнс, цэвэр агаар, үүх түүхтэй холбоотой гэв. Мөн Чингис хааны цэргүүд дэлхийн талыг эзлэх хүчтэй байсан шиг одоо ч бүгдийг донсолгох хоолойн хүчтэй ард түмэн гэсэн юм.

Г.Ариунбаатар олон улсын тэмцээнд ялж ирээд улсдаа олны танил болжээ. Түүнийг олон хүмүүс эх орноо дуурийн түүхэнд үлдээнэ хэмээн найдаж байгаа юм. Тэрээр Монголоос гарах хүсэлгүй байгаа бөгөөд гэр бүл нь одоог хүртэл бэлчээр даган нүүдэллэж, мал хариулдаг талын нүүдэлчид. “Хөдөө гэр бүлтэйгээ байхад дуулах хүсэл төрдөг. Би хаана байна тэнд дуу байна” гэж Г.Ариунбаатар хэлсэн юм.

Эх сурвалж: Theguardian