Монголын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг ба гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдраас шалтгаалан нас барах эрсдэлтэй байдаг байна.

Эдгээр өвчний шалтгаануудын нэг давсны их хэрэглээ гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. Давс нь цусны даралт ихэсгэж, тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт болон бөөрний өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй үүсгэдэг гэнэ.

Насанд хүрсэн хүний хоногт авах давсны хэмжээ таван грамм байдаг бол манай улсын хувьд насанд хүрэгчдийн 80 хувь нь хоногт дунджаар 11 гр буюу нэг цайны халбага давс хэрэглэдэг гэдгийг тогтоожээ. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, нийтийн хоолны 80-аас илүү хувь нь давс ихтэй байдаг байна.

НҮБ-аас дэлхийн хүн амын давсны хэрэглээг бууруулахаар зорилт тавьсан бөгөөд энэ жилийн хоолны давс, ялангуяа хүүхдийн хоол хүнсний давсыг багасгах, улмаар хоолны орцноос хасахад анхаарал хандуулж эхэлжээ.

Иймд ЭМЯ-аас санаачлан бусад эрүүл мэндийн байгууллагатай хамтран Давсыг хоолны цэснээс хасъя уриаг дэвшүүлж олон нийтэд мэдээлэл сурталчилгаа хүргэж ажлыг зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, улаан, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайг давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах нь давсны хэрэглээг бууруулахад хамгийн үр дүнтэй гэнэ.