ХХААХҮЯ болон ЭМЯ-аас санаачилсан Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээний хоёрдугаар үе шатыг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ. Арга хэмжээнд ААН-г татан оролцуулах замаар иргэдэд давсны хор уршгийн талаарх мэдлэг, мэдээлэл өгч, бууруулах олон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

НЭМҮТ-ийн мэдээллээр Монголчуудын давсны дундаж хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмжөөс хоёр дахин их буюу хоногт 11 грамм байна.

Харин хүн хоногт таван граммаас ихгүй давс хэрэглэснээр эрүүл мэндээ хамгаалдаг байна. Хэрэв давсны хэрэглээ зохист хэмжээнээс хэтэрвэл хеликобактери үүсэх таатай орчин бүрдэж, бөөрөнд ачаалал өгч, артерийн даралт ихсэх, улмаар тархинд цус харвахад нөлөөлдөг гэнэ.

Мөн судалгаагаар хүн хоногт хэрэглэх давсныхаа хэмжээний 77 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс, 12 хувийг сүү, мах, жимс зэрэг бүтээгдэхүүний агууламжаас, үлдсэн 11 хувийг хоол, цайндаа хийж хэрэглэдэх замаар авдаг байна.

Иймд Монголчуудын давсны хэрэглээг бууруулах, зохих түвшинд аваачих зорилгоор дээрх арга хэмжээг зохиож байгаа юм.

Дашрамд дурдахад, Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээний эхний үе шатыг өнгөрсөн оны хоёрдугаар сараас хэрэгжүүлж, хоол хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар стандарт, хяналтыг сайжруулах зорилт тавьжээ.

Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд явуулж, дүүргүүдийн цэцэрлэг, эмнэлгүүд, сүлжээ ресторан, хүнс үйлдвэрлэгч зэрэг 11 ААН-ийг хамруулж, өнгөрсөн 10-р сард үр дүнг хэлэлцэн давсны хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан байгууллагыг Дэлхийн хүнсний өдрөөр шагнаж урамшуулжээ.