Зорчигч тээвэр-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Монголд үйлдвэрлэсэн МОН-30 маркийн хоёр ширхэг цахилгаан автобусыг тэрбум орчим төгрөгөөр худалдан авсан юм. Гэвч эдгээр автобус тээврийн үйлчилгээнд гараагүй байгаа ба нэг нь асахгүй байгаа гэж Зорчигч тээвэр-3 орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас мэдээллээ.

Тодруулбал, МОН-30 маркийн автобусанд техникийн үзлэг хийхэд нийтийн тээврийн MNS 5012:2011 улсын стандартыг хангахгүй гэх дүгнэлт гарсан байна. Иймд стандартыг хангасны дараа үйлчилгээнд гаргана гэлээ. 

МОН-30 цахилгаан автобусыг Ч:25 Тоосгоны үйлдвэр-их Тойруу-3, 4-р хороолол чиглэлд туршилтаар явуулахад 100 хувийн цэнэгтэйгээр хамгийн бага километртэй 6.5 рейс явахаас 2.5 рейсийг гүйцэтгэжээ.

Автобус-3 компаний автобус өдөрт багадаа 190-300 км туулж нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг бол МОН-30 цахилгаан автобус 100 хувийн цэнэгээр 70-90 км яваад буцаж бааз дээрээ эргэн ирж гурван цаг цэнэглэх шаардлагатай байна.