ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, туршилтын нислэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

TBC-2MС агаарын хөлгийг Монголын нөхцөлд уялдуулан тоноглож, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой болгосон бөгөөд тоноглосон анхны загварын туршилт угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон Оросын Новосибирск хотын СибНИА-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.

Тус агаарын хөлөгт Америкийн Honeywell компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр суурилуулж, 25 мянганцагийн нислэг үйлдэх баталгаа гарган, Hartzell Propeller Inc компанийн таван алгатай сэнсийг суурилуулж онгоцны жинг 500 кг-аар багасгаж, хурдыг 220 км/цаг болон нэмэгдүүлсэн байна.

Зураг: ЗТХЯ

Мөн тав тухыг сайжруулж, бүхээгийг дуу тусгаарлагч материалаар доторлон, гар тээшний тавиур, гэрэлтүүлэг, ариун цэврийн өрөө, агааржуулалтын системээр тоноглосноос гадна нийлүүлэлт элбэг ТС маркийн онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болгожээ.

Энэхүү онгоц нь 1965 оноос эхлэн Монголд нисэж эхэлсэн бөгөөд хүчтэй хөдөлгүүр суурилуулснаар богино зайд хөөрч буух, ХАА, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбарт ашиглахаас гадна  алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг албаныхан онцоллоо.

Дашрамд дурдахад, сүүлийн үед  орон нутгийн нислэг 2.8 хувиар өссөн ба энэ нь орон нутгийн оршин суугчид агаарын тээврээр үйлчлүүлэх сонирхолтой болсонтой холбоотой юм.