Сүүлийн жилүүдэд гэр бүлийн бат бөх харилцаа алдагдаж, салалт ихэссэн нь судалгаанаас харагдаж байна. Сүүлийн найман жилийн хугацаанд гэрлэлт цуцлалт жилд дунджаар 4.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд 20.470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар өнгөрсөн онд манай улсын нийт хүн ам 3.177.899, өрхийн тоо 885.639 байжээ.

Үүний 32.4 хувийг дан гэр бүл, 10.6 хувийг ганц бие өрх, 24.9 хувийг нийлмэл,  2.1 хувийг холимог өрх эзэлж байгаа юм. Тухайлбал, Монголд өрх толгойлон амьдарч буй 97.499 өрх байгааг судалгаагаар тогтоосон байна. Үүний 76 мянга гаруй нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа бол 20 гаруй мянга нь эрэгтэйчүүд байна.

Дээрх тоон мэдээллээс гэр бүл салалт ямар хэмжээнд байгаа нь тодорхой харагдаж байна. Тэр тусмаа гэр бүл салалтыг хамт амьдарсан хугацаагаар нь судлахад 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан хосын 51.6 хувь нь 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил амьдарсан хосууд байгаа нь гэр бүлийн бат бөх харилцаа алдагдсаний хамгийн том илрэл гэлтэй.

Харин үүний шалтгаан нөхцөлд гэр бүлийн хүчирхийлэл, дарамт, өрхийн орлого, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг олон шалтгаан нөхцөл нөлөөлдөг байна. Гэр бүл салалтын шалтгаан болж буй зарим хүчин зүйлсийн талаарх мэдээллийг харахад:

  • Эдийн засгийн доройтол, ядуурал: 2017 оны байдлаар нийт өрхийн 29.6 хувь нь ядууралд өртсөн байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8 хувь, эрэгтэйчүүдийн 34.8 хувь нь ядуу амьдралтай байна. Үүнээс үүдэн өрөөсгөл, шилжин суурьшсан, архины хамааралтай, орон гэргүй, өөрийн гэсэн өмчгүй гэр бүлүүд нэмэгдэж байна.
  • Архины хамааралт байдал: Архидалт нь гэр бүлд сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг болон бэлгийн хүчирхийлэл, гэр бүл салалт, цуцлалт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, ядуурал, сэтгэцийн эмгэг зэрэг нийгмийн үзэгдлийн шалтгаан болдог.
  • Гэр бүлийн хүчирхийлэл: Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан хосуудын эрх мэдлийн тэгш бус харилцаа, архидалт, гэрлэлт цуцлалт, дахин гэрлэлт, орон нутгаасаа дайжих, хориход ял эдлэх, олдмол хөгжлийн бэрхшээл үүсэх, хүүхэд өнчрөх, хүмүүжлийн доголдолд орох, хараа хяналтгүй болох зэрэг тулгамдсан асуудлууд гарч байна.
  • Шилжилт хөдөлгөөн: Шилжин суурьшсан гэр бүлийн хувьд хөдөлмөр эрхлэх, орлогын тогтвортой эх үүсвэртэй байх, шилжин суурьшсан орон нутагтаа зохицон дасах, хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, хүүхдийн хүмүүжил төлөвшилтэй холбоотой асуудлууд тулгамдаж байна.

Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцаа гэр бүл салалтын хамгийн том шалтгаан болж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, сүүлийн нэг жилийн хугацаанд 15 мянган гэр бүл шүүхэд салах өргөдөл гаргасны 12 мянга нь гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдсэн гэж Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлсэн юм.