Нийгэм
Монголд байгаа ДОХ-той хүмүүсийн 38 хувийг л илрүүлжээ
ХӨСҮТ-ийн тооцоолсноор манай улсад ХДХВ, ДОХ-ын халдвартай 615 хүн байгаа гэнэ.

ДОХ-ын эсрэг өдөр 12 сарын нэгэнд тохиох гэж буйтай холбоотойгоор ЭМЯ-аас мэдээлэл хийлээ. Энэ онд тус өдрийг Өөрчлөлтийг та бид хийнэ уриан дор зохион байгуулах юм.
Манай улсад ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба энэ оны 10 сарын байдлаар ХДХВ, ДОХ-ын 281 тохиолдол илэрсэн байна. Үүний 32 нь нас барсан бөгөөд ХДХВ, ДОХ-той хүний жилд хэрэглэх ретровирүсийн эсрэг эмчилгээнд 1.5-4 сая төгрөгийг зарцуулдаг гэнэ.
Харин ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх эмийн зардалд жилд 2.5-3 сая төгрөгийг зарцуулдаг байна. ХӨСҮТ-ийн тооцоолсноор Монголд 615 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай байгаа юм.
Одоогоор ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ авч буй хүмүүсийн 87 хувь нь ретровирүсийн эсрэг эмчилгээнд хамрагдаж, 79 хувьд ХДХВ-ийн ачаалал дарангуйлагдсан байна. ХДХВ-ийн халдварын тохиолдлын 81.2 хувь нь эрэгтэйчүүд байгаа ба тэдний 80 хувь нь бэлгийн цөөнх хүмүүс гэнэ.
Ретровирусийн эсрэг эмчилгээг 2003 оноос нэвтрүүлсэн бөгөөд 2003-2013 онд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслөөс 94.919 долларын санхүүжилт авсан байна. Мөн 2013 оноос эм, оношлуурын зардалд жил бүр 300-500 сая төгрөгийг улсын төсвөөс гарган, эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээнд хэрэглэж байгаа юм.
Дэлхийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар ХДХВ-ийн халдвартай 37.9 сая хүн амьдарч байна.
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
