Өнгөрсөн сарын 27-нд Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар-Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэгт Турк улсаас Монголд суугаа элчин сайд Ахмет Язал тайлбар хийлээ.

Тэрээр Туркийн талаас Монголын газар нутагт ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк Монголын хамтарсан сургууль нь Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO бүлэглэлийн террорист үйл ажиллагааг санхүүжүүлдэг. Тиймээс удаа дараа манай талд хүлээлгэн өгөх хүсэлтийг хоёр улсын албан айлчлал үеэр болон албан бусаар тавьсан гэлээ.

Мөн Вэйсел Акчайг хулгайлсан явдалд Турк улс оролцсон гэх хардлага, үйл явдалтай давхцан Туркийн тусгай үүргийн онгоц Монголд газардсан тухай Ахмет Язал тайлбарлахдаа,

“Монголын хууль тогтоомжийг үл хүндэтгэн хууль бус үйл ажиллагаа явуулах ямар ч эрхгүй. Хэрэв ийм ажиллагаа явуулах хэрэгтэй бол тухайн улсын хууль, хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой. Хоёр орон хамтран шийдвэр гаргасан ч Туркийн зүгээс Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Харин Туркийн тусгай үүргийн онгоц Монголын ГХЯ-ны зөвшөөрлийн дагуу буусан. Энэхүү болсон үйл явдалд Турк улс ямар ч хамаагүй. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө” гэлээ.

Туркт 2016 онд төрийн эргэлт хийх оролдлого гарсан бөгөөд үүнийг Фетуллах Гулен болон түүний удирддаг ФETO террорист байгууллага үйлдсэн гэж Засгийн газар нь үздэг юм. Фетуллах Гулен нь Туркийн номлогч бөгөөд тэрээр шашныхаа үндэслэлээр дэлхийн 160 гаруй улсад Турк сургуулиудыг байгуулсан байна. Энэхүү үйл явдлын дараа Туркээс олон улсад байгуулагдсан дээрх сургуулиудыг хааж, багш удирдлагуудыг баривчлан улс руугаа татаж эхэлсэн юм.

‘Монголд байгаа Туркийн сургуулийг Туркт хүлээлгэн өгөхөд сургуулийн үйл ажиллагаа болон, сурагчдын эрх ашигт ямар ч асуудал гарахгүй. Гол нь эцэг, эхчүүдийн төлж байгаа төлбөр террорист байгууллагыг санхүүжүүлэхэд зарцуулагдаж байна. Тиймээс тус сургуулийг ФETO террорист байгууллагын удирдлагаас холдуулна’ гэж Ахмет Язал хэллээ.

Сануулахад, Вэйсел Акчайг хулгайлах гэсэн оролдлогыг олон нийт болон зарим олон улсын хэвлэлүүд Турк улсыг буруутгаж байгаа юм. Харин манай талаас хулгайлахыг завдсан гурван этгээдийг хайж байгаа гэхээс өөр албан ёсны ямар ч тайлбар хийгээгүй байна.