Манай улсын хилээр энэ оны эхний хагас жилийн байдлаар давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрчээ. Үүнээс 247.3 мянга нь гадаадын иргэд байгаа ба тэдний 86.4 хувь нь 30 хүртэл хоног, 11.6 хувь нь 90 ба түүнээс дээш хоног, хоёр хувь нь 30-90 хүртэл хоногийн хугацаагаар иржээ.

Нийт хилээр зорчсон гадаадын иргэдийн 217.4 мянга нь аялал жуулчлалын зорилгоор манай улсад ирсэн нь өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өссөн байна. 

Манай улсад ирсэн бусад орны жуулчдаас Вьетнамын иргэд 86.4 хувь, Хонконгийнх 45.6 хувь, Малайз улсынх 35.1 хувь, Австрийн жуулчид 33 хувиар нэмэгджээ. Харин Турк, Украйн, Канад улсын жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Хилээр нэвтэрсэн нийт гадаад зорчигчдыг улсаар нь авч үзвэл:

  • Хятадын иргэд 36.4 хувь,
  • Оросын иргэд 24.3 хувь,
  • Солонгосын иргэд 12.1 хувь,
  • Японы иргэд 3.7 хувь,
  • Америкийн иргэд  3.4 хувь,
  • Казахстаны иргэд 2.4 хувь,
  • Бусад улсын иргэд 17.7 хувийг тус тус эзэлж байгаа юм. 

Харин манай улсын 1.2 сая иргэн давхардсан тоогоор энэ оны эхний хагаст гадаадад зорчсоны 71.7 хувь нь хувийн журмаар зорчжээ. 

Дашрамд дурдахад, манай улс 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд аялал жуулчлалын салбарыг тэргүүлэгч салбар болгох бодлого баримталж байна. Энэ хүрээнд тус салбарт анх удаа 6.2 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсөвт тусгасан юм.