Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн эсрэг олон улсын өдрийг Эрүүл мэндэд эрх зүй-Эрх зүйд эрүүл мэнд сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээний байдлын талаарх судалгааг 1999-2018 онд хийсэн байна. Судалгаагаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг 966 хүн байгаагийн 708 нь байнга хэрэглэдэг гэх дүгнэлт гарчээ. Эдгээр иргэд ДОХ-ын халдваргүй ч 17 нь тэмбүүтэй, 20 хувь нь элэгний С вирусийн халдвартай байгаа юм. 

Өнгөрсөн 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдсон бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогджээ. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. 

Мөн манай улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа нь хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч Орос Хятадын дунд оршиж байгаатай холбоотой гэнэ. Сүүлийн жилүүдэд хар тамхины гэмт хэрэгт холбогдогчдын нас залуужиж байгаа ба насанд хүрээгүй есөн хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна. 

Түүнчлэн он гарсаар шуудан илгээмж ашиглан хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 11 хэргийг илрүүлсэн юм. Үүний гурвыг Испаниас, Герман, Америк, Нидерландаас тус бүр хоёр, Тайланд, Британиас тус бүр нэг бүртгэгджээ.