ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар 40 секунд тутамд нэг хүн амиа хорлодог байна. Амиа хорлолтын тоо 2010-2016 онд 9.8 хувиар багассан ч улс орнууд амиа хорлолтоос сэргийлэх тал дээр арга хэмжээ авах ёстой гэж ДЭМБ мэдээллээ. 

Харин манай улсад жилд 413 хүн амиа хорлодог ба энэ оны амиа хорлолтын индексээр 183 орноос 43-т бичигджээ. Үүнээс эрчүүд амиа хорлох нь эмэгтэйчүүдээс зургаа дахин их байна. 

ДЭМБ-ын судалгаагаар жилд 800 мянган хүн амиа хорлолтоор хорвоог орхиж байгаа нь хумхаа, хөхний хорт хавдар, дайн, аллага зэрэг шалтгаанаас илүү байгаа юм. Иймээс амиа хорлолт нь дэлхий нийтийн эрүүл мэндийн ноцтой асуудлыг нэг болоод байгаа ба өдгөө 38 орон л амиа хорлолтоос сэргийлэх арга хэмжээ авч байна. 

Мөн эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлох эрсдэлтэй бөгөөд 100 мянган эмэгтэй тутмын 7.5, 100 мянган эрэгтэй тутмын 13.7 нь амиа хорлодог аж. Харин Бангладеш, Хятад, Лесото, Морокко, Мьянмарт эмэгтэйчүүдийн амиа хорлолт илүү байгаа юм. 

Мөн нийт амиа хорлолтын 79 хувь нь ядуу буурай болон хөгжиж буй оронд тохиолддог бол хөгжингүй оронд 100 мянган хүн тутмын 11.5 нь амиа хорлодог байна. Ингэхдээ хөгжингүй орны эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдээс гурав дахин их байдаг гэнэ. 

Амиа хорлолт нь 15-29 насныхны нас баралтын хоёр дахь шалтгаан ба 15-19 насныхны охидын нас баралтын хоёр дахь, хөвгүүдийн гурав дахь гол шалтгаан юм. Ингэхдээ галт зэвсэг ашиглах, дүүжлэх аргаар амиа хорлох нь түгээмэл байдаг аж. 

ДЭМБ-ын мэдээлснээр амиа хорлолтоос сэргийлэхийн тулд хэвлэл мэдээллээр дамжуулан зөвлөмж хүргэх, амиа хорлох эрсдэлтэй хүнийг эрт илрүүлэх, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй байна. 

Эх сурвалж: CNN, WHO