Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Мишигийн Батсуурь нь Монголиан коппер корпорейшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хурлыг даргалахдаа хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж Засгийн газар үзсэн. 

2019 оны гуравдугаар сарын 14-нд ЗГХЭГ-аас ЕТГ, Шүүхийн сахилгын хороонд энэ асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн албан бичиг илгээж байв. Тухайн үед буюу 2019 оны тавдугаар сарын 15-нд Шүүхийн сахилгын хороо уг хүсэлтийн дагуу Мишигийн Батсуурьт сахилгын хэрэг үүсгэх тухай 105 тоот тогтоол гаргажээ.

Хуульд зааснаар уг асуудлыг Шүүхийн сахилгын хороо 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой юм байна. Гэвч үүнээс хойш найман сар өнгөрсөн ч ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Тиймээс ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 4-ний өдөр Шүүхийн сахилгын хорооны дарга Н.Эрдэнэцогтод дээрх асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхийг хүссэн ХЭГ/298 тоот албан бичгийг илгээсэн байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2019 оны наймдугаар сард Шүүхийн сахилгын хорооноос шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг үүсгэсэн тогтоол гаргасан талаар ирүүлсэн хариуг олон нийтэд танилцуулсан. 

Тэр үед Л.Оюун-Эрдэнэ "Шүүхийн ёс зүйн хорооноос Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурьт сахилгын хэрэг нээх шийдвэр гаргасан байна. М.Батсуурь нь Эрдэнэттэй холбоотой хэргүүдийг албаар түүж авч, 49 хувийг худалдан авсан талд шийдсэн гэж хардаж байна. Харин Х.Идэр шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол гарсан байна. Идэрийн аав УИХ-ын гишүүн асан Хувьтөгөлдөр гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан этгээдүүдээс цалин авч ажиллаж байсан нь тогтоогдсон. Цаашид бид Шүүхийн ёс зүйн хорооноос ирүүлсэн бичгийг үндэслэн АТГ болон шүүгчийг томилдог субъектэд хандах нь зүйтэй юм гэж үзэж байгаа” гэж байв.