Тайвань улсын Кинмень хотноо энэ сарын 8-11-нд 3x3 Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд манай улсын 3x3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож, эрэгтэй баг Азийн оюутны аварга боллоо. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна.

Монголын эрэгтэй баг Азийн аваргын А зонд Тайван, Хонг Конг, Малайз, Солонгос гэсэн дөрвөн багтай нэг хэсэгт оржээ. Эхний тоглолтоо Тайваний багтай хийж 16:17 гэсэн нэг онооны  харьцаатайгаар хожигдол хүлээсэн ч, Малайз, Солонгос, Хонконгийн багуудыг дараалан ялснаар хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан юм.

Ийнхүү хагас шигшээ тоглолтод Индонезийн багийг нэмэлт цагт 18:17 харьцаатай хожиж аваргын алтан медалийн төлөө эхний тоглолтдоо хожигдоод байсан Тайваний багтай өрсөлдөхөөр болсон байна.

Аваргын төлөө даагаа нэхэх шийдвэрлэх тоглолтод манай баг Тайваний багийг 20:12 харьцаатай илт илүүрхсэнээр 3X3 сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга боллоо. Энэхүү тэмцээн таван удаа зохион байгуулагдсанаас манай улсын шигшээ баг ийнхүү хоёр удаагийн аварга, нэг удаагийн дэд аварга, нэг удаагийн хүрэл медальтай болж байгаа юм.

Дашрамд дурдахад, 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг анх удаа ирэх сарын 3-7-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон юм. Энэхүү тэмцээнд таван тивийн Дэлхийн шилдэг 40 баг манай улсад хүрэлцэн ирэхээр болжээ.