Энэ жилийн Өнөөдрийн Монгол-2019 хөтөлбөрт Орос, Хятад, Япон, Солонгос, Турк, Монголын 20 гаруй гэрэл зурагчин хамрагдаж байгаа ба хотын дарга С.Амарсайхан зочдыг хүлээн авч уулзлаа.

Төсөлд оролцогчид энэ сарын 12-21-нд Улаанбаатар, Төв аймаг, Хэнтий, Дорнодын чиглэлд ажиллах юм.

Уг хөтөлбөрийн зорилго нь гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагын гэрэл зурагчдаар дамжуулан өнөө цагийн Монгол орон, нийслэл хотын өнгө төрхийг олон улсад сурталчлан таниулах, гадны хэвлэл мэдээллийн агентлагийн архив дахь Монголын тухай түүхэн гэрэл зургийг шинэчлэхэд чиглэсэн байна. 

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, МОНЦАМЭ агентлаг санаачлан, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл, НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд Хятад, Орос, Япон, Монголын 15 зурагчин оролцож, байгалийн өнгө үзэмж, уламжлалт мал аж ахуй, орчин үеийн аж үйлдвэр зэрэг сэдвээр 60 гаруй бүтээлээ дэлгэжээ.