ОУВС-ийн ажлын хэсэг манай улсад ажиллаж, ОУВС-ийн дүрмийн IV заалтын дагуу хэрэгждэг 2019 оны зөвлөлдөх яриа хэлэлцээг хийлээ. Ажлын хэсгийн айлчлалын төгсгөлд дараах зүйлсийг онцолсон байна. Үүнд:

  • Монгол улс эдийн засгийнхаа эрсдэл даах чадварыг бэхжүүлэхэд ихээхэн ахиц гаргалаа. Эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүлсэн,
  • Хэдий тийм ч эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокыг даван туулахад хүрэлцэхээргүй байна. Эдийн засаг эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин өндөр хэвээр, гадаад орчны болон уур амьсгалын өөрчлөлтөд хэт мэдрэг байна.
  • Эдийн засгийн буфер бий болгох, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнг өргөжүүлэх нь тэргүүлэх зорилт байх ёстой. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, ХАА-н бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой гэжээ.

Мөн Засгийн газрын өрийг хангалттай хэмжээгээр бууруулах үүднээс нэгдсэн төсвийн хүүгийн зардлыг хассан тэнцлийг энэ онд хамгийн багадаа ДНБ-ний нэг хувь, 2020 оноос хойш хоёр хувьд барихыг зөвлөсөн байна. 

Өнгөрсөн хугацаанд ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг таван үе шаттайгаар хэрэгжүүлж нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая долларын санхүүжилт авсан юм. Харин зургадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдэж байгаа ба энэ хүрээнд тавьсан хоёр нөхцөлийг хангах шаардлагатай байна. 

  • Актив чанарын үнэлгээний хүрээнд банкнууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж, тухайн хөрөнгө нь Монголын хууль тогтоомж, шилдэг туршлагатай нийцэж байгаа эсэхийг тогтоох,
  • Актив чанарын үнэлгээний хүрээнд тавигдсан өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхэд Монголбанкнаас хяналт шалгалтын арга хэмжээ авах үүрэг амлалт хүлээсэн байна.

Манай улс тус хөтөлбөрийн тав дахь шатны санхүүжилтийг авснаар нийт олгогдох зээлийн 50 хувийг авсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд ойролцоогоор 434.3 сая долларын зээл авах юм.