Ерөнхийлөгчийн тамгын газар, Азийн Хүүхдүүд 2020 наадам, Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй 3x3 сагсан бөмбөгийн U18 насны ДАШТ Чингисийн талбайд үргэлжлэн явагдаж байна.

Уг ДАШТ-ний эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. Энэхүү шилдэг наймд манай улсын эрэгтэй шигшээ баг урамтай сайхан тоглолт үзүүлж шалгараад байна.

Монголын эрэгтэй баг ДАШТ-ний С хэсгийн эхний тоглолтууддаа Латвийг 20:16-аар, Беларусийг 21:15-аар хожиж, өчигдөр хэсгийн аваргын төлөө Гүрж, Америкийн багтай тоглолоо.

Энэхүү тоглолтод манай шигшээ баг Гүржийг 18:16 харьцаагаар буулган авсан ч Америкийн хүчирхэг багт  21:10 харьцаагаар хожигдож, хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарлаа. Харин нэгдүгээр байраар Америк дөрвөн хожилтойгоор хасагдах шатанд шалгарч үлдээд байна.

Өнөөдөр Монголын эрэгтэй шигшээ баг  А хэсгийг тэргүүлсэн Туркийн багтай 13:00 цагаас тоглох хуваарьтай бол Америк Италийн багтай таарчээ. 3x3 сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны ДАШТ-ий эрэгтэй багуудаас шөвгийн наймд Турк, Монгол, Аргентин, Украин, Орос, Рум, Америк, Итали гэсэн багууд үлдээд байна.

Дашрамд дурдахад, 18 хүртэлх насны ДАШТ-д өрсөлдөж буй Монгол багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байгаа бол С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа юм.