Монголын бодибилдинг фитнессийн холбоо, Нийслэлийн хөгжлийн газар хамтран зохиож буй Монголын Мистер-2019 Бодибилдинг Фитнессийн УАШТ маргааш Corporate Hotel and Convention Centre-д болно.

Монголын мистер тэмцээн энэ жил 28 дахь удаагаа зохиогдож байгаа ба тэмцээнд түүхэн дэх хамгийн олон буюу нийт 180 тамирчин 23 ангилалд бүртгүүлсэн байна.

Сонирхуулахад, энэ удаагийн УАШТ-ий эрэгтэй спорт модель ангиллын үнэмлэхүй аварга 30 сая төгрөгийн эзэн болох гэнэ.

Сүүлийн жилүүдэд олон нийт, залуучуудын дунд фитнессийн спорт эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй энэ нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач холбогдол болж буй.

Иймд олон нийтийг хамарсан нийтийн биеийн тамирын спортын төрлүүдийг төрөөс дэмжих үүднээс 2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан магадлан итгэмжлэгдсэн спорт клубүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэхээр тусгасан юм.

Энэхүү хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд иргэд фитнесс, усан бассейн, иог зэрэг магадлан итгэмжлэгдсэн бүх спорт клубд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм.

Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй фитнесс клубд магадлан итгэмжлэл олгосон бөгөөд цаашдаа бусад спорт клубүүдийн магадлан итгэмжлэлийг гаргаж иргэдэд танилцуулахаар болсон байна.