Монголын орчин цагийн хамгийн шинэлэг дизайнерууд бол эгч дүү Мишель, Амазонка нар юм. Тэд загварын коллекцдоо үндэсний дээлний хэв маяг бүхий бомбер хүрэм оруулсан нь Улаанбаатар хотын загварлаг залуусын анхаарлыг татаж чаджээ. Миний бие тус брендийн үүсгэн байгуулагч Мишель, Амазонка болон тэдний эгч, гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал нартай Монголын загварын ертөнц, тэдний бизнес, гэр бүлийн талаар ярилцсан юм. 

Та нар Монголчуудыг загварын мэдрэмжтэй ард түмэн гэж боддог уу? 

Монголчууд их загварлаг хүмүүс. Мөн тренд дагадаг учир бид коллекцуудаа төрөлжүүлж илүү загварлаг болгохыг хичээдэг. 

Монголын загварын салбар сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бэ? 

Ардчилсан хувьсгалаас хойш ердөө 20 жил өнгөрсөн учир манай загварын салбар дэлхийгээс нэлээд хоцорсон гэж боддог. Иймд манай брэнд дэлхийтэй хөл нийлүүлж трендээ дагахыг зорьж ажилладаг. Загвар зохиохын хувьд бид дэлхийн брэндүүдтэй ижил түвшинд ажиллаж гадны болон дотоодын дизайнеруудын ялгааг арилгахыг хичээж байна. Гэхдээ л бид нилээд хоцорч байгаа. 

Ирэх улиралд хүлээж байгаа болон алга болсонд нь баярладаг трендүүд байгаа юу? 

Тренд бүрд өөрсдийн сонирхогчид байгаа учир бидэнд таалагддаггүй гэж ярьмааргүй байна. Аливаа хүнтэй уулзаж ярилцаж байж дотоод ертөнцийг нь ойлгоно. Дизайнер бүр өөрсдийн хэв маягтай хувь хүмүүс учир загварууд нь өөр өөр байдаг. Бидний хувьд үндэсний хэв маягт дуртай. Иймээс үндэсний элемент, трендүүдийг загвартаа багтааж Европ хувцсанд гараар оёсон үндэсний хатгамалыг шигтгэж өгдөг юм. 

Гар оёдлыг хэн хийж, материалаа хаанаас авдаг вэ? Дотоодоос материал авах боломж байгаа юу? 

Монголд ноолуурын үйлдвэрүүд байдаг ч даавуун материалыг гаднаас авдаг. Иймээс бид загваруудаа бусад томоохон брэндийн адил хэт олон хатгамал, хэсгүүдгүй, илүү энгийн болгох төлөвлөгөөтэй байгаа. Мөн ашигладаг даавууныхаа чанарыг сайжруулах болно. 

Даавууныхаа чанарыг яаж сайжруулах вэ? 

Ноолууран бүтээгдэхүүн хийж даавуун дээр хэвлэл хийдэг үйлдвэрүүдтэй хамтарч ажиллана. Ингэснээр өөрсдийн хээ, дүрсийг зохиож  өөрсдийн даавууг хэрэглэж эхлэх юм. Мөн одоогийн эко тренд таалагдаж байгаа учир бүтээгдэхүүнүүдээ илүү байгальд ээлтэй болгоно. Манай компани анхны байгальд ээлтэй торыг үйлдвэрлэсэн. Барууны орнууд даавуун торыг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байгаа учир үүнийг Монголд нэвтрүүлж эко торныхоо үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодолтой байна. 

Коллекцынхоо хамгийн дуртай бүтээгдэхүүнийг сонго гэвэл? 

Нуруундаа ламын зурагтай ногоон бомбер. Энэ лам нь ном сурахаар Түвд явсан ч бүтэлгүйтэж буцах замдаа илүү ихийг сурдаг тухай үлгэрт гардаг дүр. 

Michel&Amazonka

Энэ бүхнийг гараар оёсон уу? Нэг хүрэм оёход хэр их хугацаа зарцуулсан бэ? 

Тиймээ. Долоо хоног гаруй хугацаанд оёсон. 

Энэ ганцхан хувь хийгдсэн үү? 

Тиймээ, цорын ганц. Дуусгаад л маш хурдан зарж чадсан. 

Та нар бүтээгдэхүүнээ цөөн ширхэгээр үйлдвэрлэдэг. Иймд үйлчлүүлэгч шууд бэлэн бүтээгдэхүүн худалдан авах боломжтой юу? Эсвэл зөвхөн коллекц болгож гаргадаг уу? 

Коллекц болгож гаргадаг. Гэхдээ байнгын үйлчлүүлэгчид маань хүссэн загваруудаа хадгалуулах үе ч бий. 

Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй жижиг коллекц гаргахад хэцүү шүү. 

Манай зах зээл жижиг учир нэг төрлийн олон загвар гаргах хэцүү. Иймээс ирээдүйд Манго, Зара шиг жижиг брэнд гаргаж нэг загвараа хэмжээний сонголттойгоор олон хувиар үйлдвэрлэх бодолтой байгаа. Гэхдээ захиалгын бүтээгдэхүүн биш учир үнийн хувьд илүү хямд байна. Мөн илүү олон үйлчилүүлэгчтэй болох боломжтой. Уг зорилгоо ирэх жил гэхэд биелүүлнэ гэж найдаж байна. 

Тэгээд шинэ брэнддээ Michel&Amazonka шиг дэлгүүр нээх үү? 

Тиймээ, бид өөр дэлгүүр нээнэ. Гэхдээ хүмүүс тус брэндийн ард биднийг байгаа гэдгийг мэдэж байх ёстой. 

Сонирхолтой юм. Тэгэхээр энэ нь ирэх жилийн том төсөл байх тийм үү? 

Тиймээ. Шинэ брэндийн үнэ хямд ч загвар, чанарын хувьд сайн байх болно. 

Та хоёрт загвар зохион бүтээж хувцас оёход юу нөлөөлсөн бэ? 

Манай ээж хатгамал их хийдэг, гар урлалд дуртай байсан. Хатгамалаар дэрний уут, орны бүтээлгээ чимэглэдэг байсан юм. Түүний гоёл чимэглэл хийх сонирхлыг бид хоёр дуурайсан байх. Бас ээжийн аав лам хүн байсан. Хувцас нь их гоё чимэглэлтэй. Энэ хоёр хүн л бидэнд хамгийн их нөлөөлсөн. 

Ямар үйл явцаар загвараа гаргадаг вэ? 

Эхлээд судалгаа хийнэ. Ингэхдээ дуу сонсох нь шинэ санаа олоход тусалдаг. 

Судалгаагаа дотооддоо хийдэг үү, гадагшаа явдаг уу? 

Гадагшаа яваад байдаггүй ээ. Харин орчин тойрноосоо санаа олдог. Одоо үед Монголоос олон санаа олох боломжтой болсон. Учир нь манай уламжлал, соёл дэлхийд тийм ч сайн танигдаагүй. Хүмүүс Монголыг ихэвчлэн Чингис хаан, эртний түүхээр нь л мэддэг. Гэхдээ бидний үндэсний хувцас, соёл, баяр ёслолоос олон санаа олж болно. Магадгүй Монголоос авах санаа дуусах үед бид гадагшаа явж шинэ санаа хайх байх. 

Одоогоор хангалттай санаа байна. Ямар загвар хэрэглэгчдэд таалагдахыг таах хэцүү. Заримдаа амжилт үзүүлнэ гэж бодсон загвар урам хугалаж, богино хугацаанд хийсэн бүтээгдэхүүн олонд таалагдах үе бий. Энэ коллекц, энэ загвар л амжилттай болно гэж хэлэхэд хэцүү. Үүнийг худалдан авагчид л шийднэ. 

Michel&Amazonka

Та нар олон байнгын үйлчлүүлэгчтэй бололтой. 

Коллекц бүрээс худалдан авалт хийдэг үйлчлүүлэгчид байгаа. Жишээ нь, нэг үйлчлүүлэгч маань өнгөрсөн онд гарсан 12 коллекцийг бүгдийг нь худалдаж авсан. Энэ жил цөөн коллекц гаргасан ч үйлчлүүлэгчдийн хүлээлт их байгаа. Мөн өөр хоёр үйлчлүүлэгч өнгөрсөн жил гаргасан Зун коллекцийн бүх бүтээгдэхүүнийг худалдаж авсан. 

Гайхалтай. Гэхдээ Монголын бусад дизайнерууд та хоёр шиг загвар зохиож, коллекц гаргадаггүйд ямар нэг шалтгаан байгаа байх. 

Зах зээлийн хэмжээнээс болдог байх. Бид загвар зохиодог ч олон бүтээгдэхүүн гаргах боломжгүй. Манай эдийн засаг ч сайнгүй учир бүтээгдэхүүн гаргахад зардал ихтэй. Мөн Монгол хүмүүсийн сонирхол их өөр. Гурван сая хүнээс бусдаас өөр сонирхолтой хүмүүс маш цөөхөн. Иймээс одоохондоо захиалгын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь илүү хялбар байгаа. Бас бид онлайн дэлгүүртэй болж бүтээгдэхүүнээ гадаад руу гаргахаар ажиллаж байна. Гэхдээ Европ болон Ази хүмүүсийн биеийн хэмжээний ялгаа зэрэг олон зүйл дээр анхаарах шаардлагатай. 

Та гурав эгч дүүс учраас нэг нэгэндээ нөлөөлдөг үү? 

Бид бие биенээсээ их зүйл сурдаг. Тэдний ажиллах хэв маяг өөр. Амазонка удаан бодож байгаад гайхалтай загвар гаргадаг бол Мишель богино хугацаанд олон төрлийн загвар гаргадаг. Тэд тусдаа загваруудаа гаргачихаад аль нь тохиромжтой вэ гэдгээ ярилцдаг. 

Тэгэхээр энэ бол хамтын бүтээл байх нь

Тийм шүү. Мишель хар зураг гаргахдаа сайн бол Амазонка фонт, каллиграф, монограм зэрэг чимэглэлдээ илүү сайн. 

Монгол эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд хэцүү юу? 

Хүндрэлтэй хэдий ч дуртай ажлаа хийхэд бүх бэрхшээлийг давж чаддаг. Ажлынхаа хажуугаар гэр бүлдээ анхаарах хэцүү. Монголд эмэгтэйчүүд гэр бүлээ халамжлах ёс байдаг учир бүх л эмэгтэйчүүдэд ийм асуудал тулгардаг. Бид гурав бүгдээрээ гэрлэж хүүхэдтэй болсон. Заримдаа ажилдаа хэт их цаг зарцуулдгаас болоод нөхрүүдтэйгээ маргалдах үе бий. Гэхдээ тэд бидний хийсэн зүйлийг хараад ойлгож дэмждэг. 

Michel&Amazonka

Тэгэхээр нөхрүүд чинь та нарыг бүрэн дэмждэг гэсэн үг үү? 

Тиймээ. Анх брэндээ гаргаж байхад хадгаламжаасаа мөнгө өгч санхүүжүүлж байсан. Сүүлд нь буцааж төлсөн. 

Монголын загварын юу нь дэлхийд танигдаасай гэж та нар хүсдэг вэ? 

Бидэнд ноолуур байдаг гэдгийг дэлхий мэднэ. Гэхдээ ноолуураас өөр материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон дизайнерууд байгаа гэдгээ мэдээсэй гэж хүсч байна. Монголд гадаад дизайнеруудын туслах, брэндийн ерөнхий дизайнераар ажиллах чадвартай дизайнерууд олон байгаа. Гэхдээ боломж бага учир олон улсын зах зээлд ажиллах боломж олддоггүй. Харин Монгол дизайнеруудыг гадагшаа явуулж чадварлаг хүмүүсээс суралцах боломж олговол дэлхийн зах зээл гарах боломжтой байх. Бид дуртай зүйлээ хийгээд явж байхад хэзээ нэг цагт дэлхийд танигдах боломж гарна. Бидний хамгийн том мөрөөдөл бол дэлхийн зах зээлд Монголын өвөрмөц загварыг таниулах юм. 

Эх сурвалж: Forbes